Wednesday, December 7, 2011

Амарлингуй Хөөлгөгч

Яагаад би ардаа амаржуулах ёстой вэ?
Чөлөөт Орос намын тэргүүн Михаил Барщевскийтэй хийсэн ярилцлага

асуулт: Михаил Юрьевич, эцсийн эцэст та бол засгийн газрын хуулийн төлөөлөгч, өмгөөлөгч, бас "Хэзээ? Хаана? Юу?" нэврүүлгийн од гэдгийг бид мэднэ. Ингэхэд таны толгойлохоор болсон "Чөлөөт Оросын" нэр ус нь ч тэр, хэтийн заяа нь ч тэр, цаагуураа нэг тийм сэжигтэй чулуу хөөлгөсөн мэт санагдуулахгүй байна уу?

хариулт: Нэрийн тухайд гэвэл хоёрдугаар сарын 27-нд албан ёсны шийд гаргана. Мэдээж хэрэг, олон ардыг мунхаруулагч "Шудрага", "Нэгдмэл", "Чөлөөт" гэх мэт нэрсийн тухайд гэвэл, заримдаа би өөрөө ч төөрөлддөг. Одоогоор ярилцаж буй хэд хэдэн хувилбар бий, гэхдээ билиг тэмдгээ хэдийнэ сонгосон - ямар ч байсан гоёмсог цэцэг байхаар тогтсон.

а: Ингэхэд таныг юу хатгаад тайван суулгахгүй байна?

х: Яагаад өндөлзөх болов оо гэж үү? Үр ач нартаа ямар өв үлдээх вэ гэсэн бодол нэгэн удаа толгойд зурсхийн орж ирдэг юм байна. Мөнгө, үл хөдлөх хөрөнгө - мэдээж энэ бүхэн сайн хэрэг. Гэвч мөнгө ямар банкинд байх вэ, үл хөдлөх хөрөнгө ямар оронд байх вэ гэдэг илүү чухал асуудал босч ирж байна. Багдадын хаа нэгтээ, эсвэл Лукашенкогийн толгойлсон Белорусс улсад үл хөдлөх хөрөнгөө байршуулахыг би лав хувьдаа хүсэхгүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгөө найдвартай оронд байршуулж байж дараа нь мөнгө, бизнес, нэр төр гээд бүх зүйл бий болно. Бидний өмнөөс хэн нэгэн ирээд ямар нэгэн зүйл хийнэ хэмээн хэдий болтол гараа хумхин хүлээж суух ёстой гэж? Тэгэхлээр жам ёсны зөв зам бол улс төрд ороод санаснаа хэрэгжүүлэхэд нөлөөлөх хэмжээний хүчтэй болохыг чармайн зүтгэх явдал юм.

"Бид жингийн цувааны гадна үлдээд бооролж байдаг жингэр болохыг хүсэхгүй байна"

а: Хэний хүчээр хэнд нөлөөлөх тухай яриад байгаагаа тодруулна уу?

х: Нийгмийн сорууд бол эрүүл саруул, оюунлаг, ажил хэрэгч, олигархи бус гэдэг нь тодорхой. Ёс суртахуун болон материаллаг гарлаараа. Эднийг өнгөн дээрээ хүлээн зөвшөөрдөг боловч тогтолцооноосоо гадуурхан зайлуулдаг. Хэрвээ тэд зохион байгуулалтанд ороод Думд үйл ажиллагаа явуулж байсан бол улс орон шал өөр замаар явах байсан. Бид ажил хэрэгч, оюунлаг хэсгийнхнийг төлөөлөн шаврын хаалт босгох, өөрөөр хэлбэл 25% нэмэх нь 1 санал авахыг зорьж байна. Хэрвээ бидэнд итгэл хүлээлгэвэл 25 хувиа авна. Эс бөгөөс танил тал, найз нөхдийнхөө 1-2 хувийн саналыг зулгаана. 

"Эрх баригчдад гомдолтой байна гэсэн яриа гадуур их тэнэж байна. Ёстой хэрэг алга, гайхалтай соёл, гайхамшигтай тархитай хамгийн баян улс мөртлөө хаа саагүй 50 - 60 дугаар байранд гэлдэрч явна."

Миний олон найзууд танилуудаасаа хэний төлөө саналаа өгөх вэ? хэмээн асуусан байдаг. Хариулт нь гэвэл: саналаа өгөх хүн байхгүй юм чинь хэний ч төлөө саналаа өгөхгүй гэжээ. Миний эргэн тойрныхон хэнд ч саналаа өгөхгүй. Ийм нөхцөлд яах ёстой вэ? Улиг болсон ёсоороо, Кремль сайн, нам бидний өмнөөс сэтгэж бидний ажлыг хийнэ гэх үү? Бид бүгдээрээ магтаал, сайшаал дунд живж байна. Өнөөгийн намуудын тэргүүнүүд ямар мэргэжилтэй хүмүүс вэ гээд дурын дундаж иргэдээс асуугаад үзээрэй. 99 хувь нь энэ асуултанд шууд бүдрэнэ гэдгийг зуун хувийн баталгаатай хэлж чадна. Харин манай дээд зөвлөлийн гишүүд бол хоосон нэр зүүгчид биш, жинхэнэ ясны хүмүүс. Сергей Абрамов - өдгөө "Бэринг Восток кэпитал групп" бүлгийн түнш, зохиолч, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан асан. Марк Кауфман - эдийн засгийн ухааны доктор, өмч хувьчлалын булхайд оролцоогүй, бүхнийг тэгээс эхэлсэн сайн бизнесмен. Татьяна Устинова - зохиолч, түүний зохиолыг орон даяар уншдаг. Максим Кононенко - тэр чинь мистер Паркер шүү дээ, маш алдартай сэтгүүлч. Вероника Боровик- Хильчевская -угаасаа ойлгомжтой. Дээр нь Валдис Пельш. Тэд бүгдээрээ л өөрийнхөө салбарт үнэмлэхүй ялалт байгуулагчид. Бид бүх давхрагынхныг хамарсан мэргэжлийн элитүүдээс багаа бүрдүүлэхийг зорьсон, учир нь ирээдүйн Орос гэдэг бол хий хоосон үг биш гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үр хүүхдүүдийнхээ үүрийг засахаар бүхнийг хилийн чанад руу гаргахад ашиглагддаг шат дамжлага байхыг бид хүсэхгүй. Энэ бол бидний эх орон. Яагаад бид энэ бүхнийг зогсоож чадахгүй байна?

"Удирдагч гэдэг зүгээр нэг цаасан малгай биш"

а: Засгийн ажлыг хийнгээ ажиллана гэдэг нь засгийн газрыг дэмжсэн нам гэж ойлгогдохоор?

х: Бид зүүнтэн ч биш, баруунтан ч биш, зүгээр л эрүүл саруул хүчин гэдгийг сайтар ялгаж ойлгоосой гэж хүсэх байна. Саяхан сөрөг хүчин хэрэгтэй юу гэсэн сэдвээр ярилцлаа л даа. Бүхнийг "эсэргүүцэгч" нь сөрөг хүчин гэхээсээ илүү усан тэнэг гэхэд яг таарна. Дандаа "за" гэж толгой дохьдог бол засгийн газрын намыг дэмжигч гэхээсээ илүү ордны луйварчин гэвэл үнэмшилтэй сонсогдоно. Тэгэхлээр зарим асуудал дээр бид засгийг дэмжинэ, зарим дээр нь эсэргүүцнэ. Дашрамд хэлэхэд бид "засаг" болон "Кремль" гэдэг үгийг ялгаж салгаж ярих дуртай - энэ бол хоёр өөр ойлголт. Засаг дотор Оросын хөгжлийг нэг талаас нь хардаг хүмүүс байхад нөгөө талаас нь хардаг хүмүүс бас бий. "Нэгдмэл Оросоор" жишээ авъя л даа. "Нэгдмэл Оросын" зарим шийдвэр надад таалагддаг, харин заримтай нь зарчмын хувьд санал нийлдэггүй. Угаасаа ямар нэгэн нэр, хоч зүүлгэдгийг би таашаадаггүй.

а: Ямартаа ч эрх зүйн талбар дээр тоглохоор эргэлтгүй шийджээ дээ янз нь. Өнөөгийн эрх зүйтэй зөвшилцөх үү, эсвэл дайтах уу?

х: Харамсалтай нь "архаг" ардчилагчид болох СПС болон "Яблоко" - хэдийнэ итгэл эвдсэн. Яахав үнэт түүхэн үзмэр гэвэл таарна. Үнэт, гэхдээ түүхэн гэдгийг онцолж байна. Хэн нь хамгийн том ардчилагч вэ, хэнийх нь ардчилал хамгийн хол харайв гэдэг маргаан нь тэднийг бөөрөнхий, нялцгай биетэн болгон хувиргасан. Удирдагч хүн бол цаасан малгай угласан бөөрөнхий үзэлтэн байх биш харин эвийг нь олоод хатигны толгойг нэвт сүлбэдэг зүү байх ёстой гэсэн хатуу бодол надад бий.

а: Өөрөөр хэлбэл, сонгогчдыг нь гулруулахаар шийджээ дээ?

х: Манай СПС гэсэн барууны намын нэр алдар хөөцөлдөхдөө хэрэглэдэг коммунист урианууд байна - хөгшдийн тэтгэвэр, залуусын үнэгүй боловсрол  гээд тоочвол барагдахгүй, харин коммунистууд болохоор өөрсдийн мөрийн хөтөлбөртөө жижиг, дунд бизнесийг дэмжихээ амалсан байх жишээтэй. Бүх намууд хүн амын бүх давхрагын ашиг сонирхолыг хамгаалахаар булаацалдаж байна - энэ бол туйлшрал. Бид хэнийг ч хууран мэхлэхгүй - бид бүх сонгогчдын эрх ашгийг хамгаалахаар явахгүй. Бид зөвхөн бизнесийнхэн, мэдээж олигархиуд биш, дунд давхрага, оюунлаг хэсгийнхний эрх ашгийг хамгаална. Оюунлаг гэдэгт уран бүтээлчид, эмч, багш нар, эрдэмтэд, бас дээр нь "цагаан захтан" удирдагчид маань орно. Бусад нь бидэнд хууртаж саналаа өгүүзэй хэмээн хүсэх байна.

"Бид бол ухаантнуудыг тэтгэх ухаантнуудын нам"

а: Гэхдээ материаллаг асуудлаа шийдэх гэж зовдог хүмүүс, тухайлбал оюунлаг хүмүүс гол төлөв зүүнтнүүдийн төлөө саналаа өгдөг...

х: Тасарсан олсны үзүүрийг зангидах гэж үйлээ үзэх оюунлаг хүмүүс болон оюунлаг бус хүмүүсийн хооронд нэг том ялгаа бий - оюунтнууд сэтгэж чаддаг. Оюунлаг хүмүүс популист амлалтанд хууртахгүй. Хэрэв тэдэнд тэтгэврийг чинь арав дахин нэмэгдүүлнэ гэж хэлбэл тэр мөнгөө хаанаас олох гэж байна? хэмээн дор нь сөргүүлэн асууна. Оюунлаг бус хүмүүсээс ялгарах ялгаа. Тиймээс бид тэтгэврийг арав дахин нэмэгдүүлнэ гэж худлаа бүлтрэхгүй. Гэхдээ жишээ нь надад нэг ийм санаа бий - хүүхдийн мөнгө авч буй тэтгэвэр авагч эцэг эх, тэтгэврийн мөнгөнөөсөө татгалзвал хүүхдүүд нь татварын хөнгөлөлт эдэлж болно гэсэн заалт оруулах тухай.

а: Тэгвэл дороо л баахан асрамжлагч эцэг, эхүүд бий болно ...

х: Оросын ард бүхэн бүхэлдээ луйварчид болчихсон гэж бодохгүй л байна. Шудрага амьдрах нь ашигтай. Зөвхөн зөв байх төдийгүй бас ашигтай. Эцэг, эхээ халамжилж буй хүн татварын хөнгөлөлт эдлэх нь ёс зүйн хувьд ч тэр, материаллаг талаасаа ч тэр ашигтай. Үүнийг оюунтнууд л ойлгож чадна. Оюунлаг бус нь ойлгохгүй: хууль ёсныхоо 3 мянган рублиэс татгалзана гэдэг юу гэсэн үг вэ? Тооцоо нь маш энгийн: хэрвээ та 3 мянгаасаа татгалзвал таны хүү юмуу охины эдлэх хөнгөлөлт 30 мянган рублиэр ч юмуу хэмжигдэх жишээтэй.  Сэтгэдэг хүмүүс иймэрхүү шийдлийг дор нь олж хараад ажиллаж эхэлнэ. Намаа "Ухаалаг, амарлингуй хүмүүсийн нам" гэж нэрлэе гэсэн санаа ч надад төрж байлаа. Бид бол ухаалаг хүмүүсийн төлөө зүтгэх ухаалаг хүмүүсийн нам. Бусад намд ажиллаж буй хүмүүст бол эвгүй л сонсогдох байх.

а: Гэхдээ л "Нэгдмэл Оросын" төсөл боловсруулсан тэр л газар, өөрөөр хэлбэл кремлийн танхим дотор танай төсөл мэндэлсэн гэсэн яриа гадуур тэнэдэг.

х: Надад нэг маш муухай зуршил бий: би ерөөсөө худлаа ярьж чаддаггүй. Бусад өмгөөлөгч нар шиг бусадтай найраа хийж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ худлаа ярихгүй. Тэгэхлээр, энэ төсөл хоёр жилийн өмнө хаана мэндэлснийг би хэлж мэдэхгүй. Миний мэдэх ганц л зүйл бий: өнөөдөр Кремлиэс надад ямар ч заавар өгдөггүй, бас ямарваа нэгэн нөхцөл тавиагүй. Засаглалын босоо багана боссон (сайн уу, муу юу гэдэг дээр одоо маргахгүй, эмчийн онош тавигдсан - багана боссон). Одоо гагцхүү хана, дээвэр, туургыг нь хийх хэрэгтэй. Владимир Соловьевын явуулсан "К барьеру!" нэвтрүүлгийн санал асуулгын дүн намайг үнэхээр түгшээсэн. Танхимд суусан шүүгчид, өөрөөр хэлбэл элитүүд болох эмч, жүжигчид, сэтгүүлчид, хуульчид маань мистер Иксийн төлөө саналаа өгдөг, харин үзэгчид болохоор мистер Тоглогчийн төлөө хоёр дахин их саналаа өгдөг юм байна. Оюуны ямар их ан цав гарсныг манай үзэл сурталчид маань ойлгохгүй байна - энэ сүйрлийн шинж тэмдэг мөн үү?

а: Үүнийг эх барьж аваад шийдэж болно гэж та бодож байна уу?

х. Тиймээ - гэгээрлийн үр тарих замаар. Хэрвээ би үр ачдаа хэвийн, өндөр хөгжилтэй орон өвлүүлэхийг хүсэж байгаа бол үүнийг эхлүүлэх ёстой хүн нь бол би. Миний өмнөөс хэн нэгэн үүнийг шийдэхийг би хүлээх ёсгүй. Би америкчуудыг сайн мэднэ, ерээд оны эхээр гэрээ хэлцлийн шугамаар гурван удаа америк явсан, би шовинист үзэлтэн биш, гэхдээ тэд биднээс зай барьдаг. Манай програмистууд тийшээгээ явдаг биш, харин тэднийх наашаа ирж ажилладаг байгаасай гэж хүснэ. Манайд эмчийн мэргэжил эзэмшихээр Алжираас биш, харин Герман юмуу Америкаас ирдэг байгаасай гэж хүснэ. Биднийг дандаа л ингэж хазгай гишгэлээ, тэгэж далий гишгэлээ хэмээн буруутгаж муу юм бүхний жишээ болгон ярьдаг байгаасай гэж хүсэхгүй байна. Манайх руу цагаачид цувдаг байгаасай гэж хүснэм - учир нь загас хамгийн гүн ус хайж нааддаг шиг хүн хамгийн сайхан газрыг хайж таашаал авдаг билээ. Одоогоор манайд бүр яадгаа алдсан орнуудын цагаачид ирж байна. Харин манайд ажиллах хүмүүсийг Их Британид шалгаруулж авдаг байгаасай гэж би хүсдэг. Үүнийг хийхэд хэрэгтэй бүхэн манайд цөм бий. Оросын түүхэнд, хар үгээр яривал, түүхийн ахар богино хугацаанд Орос орон дэлхийн хамгийн хүчирхэг орон болон мандаж байсан 1880 - 1915 гэсэн зурвас үе бий. Агуу гүрэн! Тэгэхэд юу болсон гээч? Ардчилал болсон. Жинхэнэ ардчилал. Яагаад бид заавал бусдын соёлын үрийг хэвлийдээ тээн төрүүлэх ёстой гэж.

а: Хэрэв сонгуулиар өндөр суудалд тухлах болжээ гэвэл?

х: Яг үнэндээ, суудал бол миний хүсээд байгаа зүйл огт биш. Ийм суудалгүй байлаа гээд би өөрийгөө болгоод л ирсэн, муугүй ч амьдарсан. Суудалгүй байсан ч амьдраад л байна, би олон мэргэжилтэй - би бол давгүй слесарь, дээр нь бага сага өмгөөлөгч, бас бяцхан шинжлэх ухааны доктор ухаантай. Саяхан гаргасан ном маань хоёр долоо хоногийн дотор бестселлерээр шалгарсан явдалд бахархаж явдаг. Ямар ч байсан өөрийгөө хооллож дөнгөнө. Надад өсөж торниж буй хоёр ч ач бий. Тэдэнд юугаа ярина? хэмээн удаан бодсон. Мэдээж Оросын анхны өмгөөлөгчийн товчоо байгуулсан гэж ярихад чихэнд чимэгтэй л сонсогдоно. Өөр юу байна? Хэр мөнгө хураав? Тэдэнд энэ сонирхолтой гэж үү? Зурагтаар хэдэн удаа гарав? Тэд үүнийг сонирхох уу? Миний бичсэн номнууд  - яахав сонин байж мэднэ. Магадгүй, үүнээс ч илүү ихийг би хийж чадна. Би тэдэнд ингэж хэлж ч бас болно: хүүхдүүдээ та нарын амьдралын алтан дүрэм ямар байгааг хар даа. Би, хэсэг нөхдийн хамт амьдралынхаа тодорхой агшинд үүнийг эх барьж аваад цогцлоосон юм. Энэ бол харин өөр хэрэг. Эрх баригч биш, эх баригч. Дээд зөвлөлийн хүрээнд бидний дэвшүүлж буй санаа бол амьдралаас урган гарсан бодит санал гэдэгт би туйлаас итгэдэг: бидэнтэй хэн санал эс нийлнэ, тэр хүн өөрийнхээ эсрэг гэсэн үг. Нэг бол ингэж хэлж болно: бидний төлөө саналаа бүү өгөөч, хэний төлөө саналаа өгөхөө сайтар тунгаагтун, зүрх сэтгэлдээ дахин бүү хуурт хэмээн уриалж байна.