Wednesday, October 17, 2012

Эсвэл аж үйлдвэрийн хувьсгал, эсвэл мухардал

Орос орноо түүхий эдийн хамаарлаас ангижруулах эдийн засгийн үсрэлт хийж, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд хөл тавих тухай хөөрөлдөөнд эдийн засгийн хэлэлцүүлгүүд дарагдах боллоо. Гэсэн хэдий ч энэхүү өндөр технологийн бүтээгдэхүүнийг хэдийнэ үйлдвэрлэх болсон манай манлай үйлдвэрийн удирдагчдын дуу хоолой төдийлөн сонсогдсонгүй.

Тэд хэрхэн ажиллаж байна? Ямар асуудлуудтай тулгарч байна? Орос оронд үйлдвэрлэл хөгжин дэвжих үү? Эдгээр асуултанд «Аргументы Недели» сонины өнөөдрийн зочин, Новосибирскийн «Экран – оптические системы» үйлдвэрийн ерөнхий захирал Валерий ГУГУЧКИН хариулж байна.

Цолны даваа

Би инженер хүн. Цехийн ээлжийн инженерээс авахуулаад өндөр технологитой үйлдвэрийн ерөнхий захирал хүртэлхи заводын цолны давааны бүх нугачааг тууллаа. Ерөнхий инженерээр удаан ажилласан маань ч зүйн хэрэг. Яагаад зүйн хэрэг гэж үү? Чамбай боловсролтой, үйлдвэрлэлийн болоод техникийн хашир туршлагатай ерөнхий инженер хүнийг үйлдвэрийн захирлаар ажиллуулахаар амладаг байлаа.

Энэ бол 1991 он хүртэл явж ирсэн цолны даваа өгсүүлэх аргачилал болой. Ингэж ам авч ноцолдуулах нь өнөө ч илүүдэхгүй. Бэлэн удирдагч гэж хаана байлаа. Ер нь хаа хамаагүй мэргэжилтний аманд бүдэрч байхаар үйлдвэрийн захирлын халааг авч дөнгөх чамбайрсан инженер тордох нь ороо бусгаа өнөө цагт юутай ч зүйрлэмгүй аминд өлзийтэй.

Туршлага маань ондоогоор дүгнэхийг цээрлэж байна. Онцлогоо мэдэхгүй хэрнээ юу ч хамаагүй зална гэж зүтгэдэг овсгоотой менежерүүд гэгчид нь сүүлийн хорин жилийн турш мянга, мянган үйлдвэрийн газрыг онхолдууллаа. Пуужингийн үйлдвэр, театр, эсвэл халуун усны газрыг яг адилхан начны найраагаар мурина гэвэл бүтэхгүй.

Ажлын горим

Би хоногийн 10-12 цаг, долоо хоногийн 5 өдрийг албан байрандаа (энэ нь зөвхөн контороор зогсохгүй) өнгөрөөдөг. Бямбад бол 3-4 цаг. Иймэрхүү маягаар 40 жилийг хэдийнэ элээжээ. Техник, эдийн засаг болон санхүүгийн мэдээллүүдээ шинжлээд чиглүүлэх шийдвэр гаргахад өдөрт ойролцоогоор 4 цаг зарцуулагдана. Чиглэл хариуцсан нэгээс хоёр удирдагч залан урьж үйлдвэрийн нөхцөл байдлыг тандахад өдөрт дор хаяж 2 цаг орно.

Захирагч бүр өөр, өөрийн хариуцсан хэсгийнхээ ажлыг зохицуулдаг байхаар үйлдвэрийн удирдлагаа хөнтрөв. Ингэснээр ур чадвар дээшиллээ. Захирагч, мэргэжилтнүүдийг хариуцсан ажлаа умартан элдэв хов жив хөөцөлдөх муу занд сургадаг үй олон уулзалтуудыг суйлан хаяж олуулаа хэлцэх шаардлагатай өргөтгөсөн уулзалтыг долоо хоногт 1-2 удаа зохион явуулдаг боллоо. Энэ нь цаг хагасаас хэтрэхгүй.

Цагийн бүс ч ажлын горимд нөлөөлөн хутгах явдал бий. Угтаа өдөр бүр 23:00 цагаас 1:00 цаг хүртэл Америк болон Канадын түншүүдтэйгээ ам өчгөө булаалдахад зарцуулж байна.

Ажлын цаг маань яг л гарын булчин лүгээ зангирчээ. Үйл хэрэгтэйгээ ноцолдсоор нэг л мэдэхэд алга урвуулахын дайтай өдөр өнгөрнө. Уйдах ч зав алга, цөхрөх ч сөгөө алга.

Үйлдвэрлэл: хөгжлийн хэтийн төлөв

Манай эдийн засгийн оюунжсан, өндөр технологийн салбар нь хавсарга шинжлэх ухаан бүдэрсэн тэртээх 80-аад оноос хойш өөд нар үзсэнгүй. Бас сүүлийн 20 жилийн турш аархсан "зайтай менежерүүдийн" хичээл зүтгэлийн ачаар бидний мэддэг, чаддаг бүхэн зайлан одлоо. Эдийн засгийн энэхүү салбарыг хөгжүүлэх хувьслын замыг эгнэгт хол чулуудсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Цорын ганц гарц: оросын эдийн засгийн хөгжилд хандах хувьсгалт чиг хандлага. Энэ бол "начны найраанаас" огт өөр зүйл. Энэ нь алдагдсан бүхнээ сэргээх үүднээс төр ба хувийн хэвшлийн бизнесийн хүчин чармайлтыг нэгтгэн зангидах шинжлэх ухааны үндэстэй цогц арга хэмжээ байх учиртай. Аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсролын салбарт эрэмбэ дарааллаа тодорхой болгох. Эдийн засгийн хөгжлийн тулах цэг, бүр цаашилбал төр, улсын оршин тогтнолыг тэтгэх амин дэмүүд гэхүү дээ.

Сүүлийн хорин жил бид өндөр технологийн хөгжлөөрөө өндөр хөгжилтэй орнуудаас 40-50 жилээр хоцорлоо. Гагцхүү нарийн нягт харилцан уялдаатай цогц үйл ажиллагааг тэтгэсэн, төрийн эдийн засгийн хатуу чанд бодлого л 15-20 жилийн дотор хөгжлийн хоцрогдлыг ядаж 5-10 жилээр дөхүүлэх боломж олгоно. 

Энэ бол бэрх даваа. Хагас зууны технологийн хоцрогдлыг хувьслын замаар гэтлэх мөрөөдөлд умбан түүхий эдийн зэрэглээнд мансуурч суух нь үүнээс хавьгүй амар байлгүй. Био, нано гэхчлэн бусад сүржин технологи мөрөөднө. Гэхдээ технологи хөгжихийн тулд бааз, суурь, тулгуур, машин үйлдвэрлэл хэрэгтэй. Өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хэрэгслэлийн үйлдвэрлэл хэрэгтэй. Энэхүү хөрс суурь нь алга. Үүнгүйгээр байшингийн дээвэр, туургатай муйхарлан ноцолдох нь өлмийдүүлж унахаар зүтгэхээс ялгаа юун.    

No comments:

Post a Comment