Wednesday, October 19, 2011

Рубльтэй хүн

М. Ходорковский, Л. Невзлин

МОСКВА 1992

Эх орны дайснууд
(Оршлын оронд)

МЕНАТЕП гэж юу вэ?

Бидэнд буюу олон улсын санхүүгийн МЕНАТЕП нэгдлийн захирлуудын зөвлөлийн тэргүүн болон түүний нэгдүгээр орлогчид тавьсан асуулт зурагтаар орон даяар цууриатав. Цэнхэр дэлгэцээр аль болох товчхон ярихыг нэвтрүүлгийн редактор дөнгөж сануулаад байлаа. МЕЖБАНКОВСКОЕ ОБЪЕДИНЕНИЕ НАУЧНО-ТЕХНИЧЕСКОГО ПРОГРЕССА  (Банк хоорондын шинжлэх ухаан - техникийн дэвшлийн нэгдэл) буюу товчлоод МЕНАТЕП гэдэг нэрийг тайлбарлаж эхэлтэл нэрийн тайлал нь биш, харин бидний зорилго юу болохыг сонирхож байгаа нь бидэнд тодорхой болов. Хариулт нь аяндаа л гарч ирэв:

МЕНАТЕП - энэ бол баялаг эзэмших эрхийн хэрэгжилт.

Нөгөө нь бүр товчхон хариулав:

МЕНАТЕП - энэ бол баялагт хүрэх зам.

Бидний өмнө цаанаас бэлдсэн оюутан голдуу сонсогчид байлаа, гэвч энгийн гэмээр үнэн тэдний хувьд нээлт байжээ гэх сэтгэгдэл бидэнд төрж байв. Бид кадрт дахин орсонгүй - анхнаасаа ийм тавил төлөвлөөгүй байв. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл дуран авай унтарсны дараа эхлэв. Телекамер ямагт сэтгэл түгшээсэн дарамттай байдаг, камергүй болмогц чөлөөтэй болж биднийг үй олон асуултаар булав:

- Манайд баялаг эзэмших эрх бий гэж үү?
- Үүнийг Үндсэн Хуулиар баталгаажуулсан уу?
- Ингэхэд баялаг гэж юу вэ?
- Баялаг бол ахуйн норм гэж та нотолж байна. Энэ нормыг хэн тогтоох вэ? Үүнийг хэн зөвшөөрөх юм?
- Хувь хүний баялгийг коммунизм байгуулагчдын ёс зүйн журамтай хэрхэн уялдуулах вэ?
- Баялаг ёс зүйгүй гэж танд санагдахүй байна уу?
- Баялагт хүрэх зам - энэ нь капитализмыг сэргээх үү?

Бид бие биенээ ам нээнгүүт ойлголцоно. Чухам тэр цагт бүтэн далан жилийн турш хаалттай байсан энэ сэдвээр ул суурьтай, дэлгэрэнгүй яриа өрнүүлэх хэрэгтэй байна гэдгийг бид дор бүрнээ ухаарцгаасан юм. Ингэж энэхүү номыг бичих амаргүй ажлын санаа төрсөн юм. Ажиллах явцдаа эх сурвалжууд судлан, арван долооны оны Октябрийн үр дагавруудыг эргэн харах зуурт дунд сургууль болон дээд сургуульд бидэнд зааж байсан олон ташаа ойлголтоосоо бид ангижирсан бөлгөө. Энэ нь зовлонтой хэрнээ зайлшгүй алхам байв: бид хоёулаа комсомолоос гаралтай.   

No comments:

Post a Comment