Нэр төрөө эрхэмлэнэ гэж юу вэ?
Өглөө бүр нар зүүнээс мандаж баруунтаа жаргадаг. Энэ нь дэлхий ертөнцийн төв бөгөөд нар дэлхийг тойрдог гэх сэтгэгдэл эрхгүй төрүүлнэ. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн нарыг тойрдог, харин дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг нь бидэнд нар дэлхийг тойрч буй мэт хуурамч сэтгэгдэл төрүүлж буй хэрэг шүү дээ. Нэгэн цагт дэлхий төвт ертөнцийн загварыг сүм хийдүүд баримтлан нар төвт загварыг үгүйсгэж байсан түүх бий. Сүм хийдүүд үнэний шүүгч, хөтөч, манлайлагч байх ёстой гэх үзэл суртлаа дэлхий төвт загвараар төлөөлүүлэн ойлгож байжээ.
Удалгүй түүхийн тавцан дээр монголчууд товойн гарч ирэхдээ Хятад, Энэтхэгээс авахуулаад Арабын хойг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт одон орны ажиглалтын төвүүд байгуулан сүм хийдүүдийн үзэл суртлын гол цөм болсон дэлхий төвт ертөнцийн загварыг няцаах өргөн далайцтай үйл ажиллагаа явуулав. Энэ нь алсуураа нийгмийн сор болсон сэхээтнүүдийг шашны үзэл сурталтай зөрчилдөх эх суурийг тавьжээ. Тэр цагийн сэхээтнүүд гэдэг нь лам нар.
Тэд аливаа үзэл суртал байгалийн жам ёс, зүй тогтлоос гажих ёсгүй гэсэн байр суурь баримталж байлаа. Ухаандаа нар дэлхийг тойрдог уу, үгүй юу гэдэг маргааныг сүм хийдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдэх бус харин бодитой, үндэслэлтэй судалгаа шинжилгээгээр олж тогтоох ёстой гэсэн цоо шинэ үзэл баримтлал дэвшүүлж байв. Жишээ нь одон орны ажиглалт. Түүхэнд тэдгээр хүмүүсийг шашны шинэчлэгчид гэж нэрлэдэг.
Хамгийн алдартай шашны шинэчлэгч бол Мартин Лютер. Түүний бодлоор, үзэл суртал, байгалийн жам хоёр хоёулаа хөгжлийн хөдөлгүүр. Нэг ёсны эхнэр, нөхөр хоёр. Өрх гэр батжин хөгжихийн тулд хэн нэг нь давамгайлах ёсгүй. Бас бие, биедээ уусах учиргүй. Яг энэ зарчмаар иргэд өөр, өөрийн үзэл суртлаа бүтээдэг, харин сүм хийд үүнийг нь нухчин дарах бус харин тэтгэж дэмжин үйлчлэх үйлчилгээний байгууллага байх ёстой. Үзэл бодлоороо хэрхэн эвлэлдэн нэгдэх нь хүмүүсийн дотоод итгэл үнэмшлийн асуудал. Энэ асуудалд шашин, сүм хийдүүд хөндлөнгөөс хутгалдан оролцож, зааж зааварлах хэрэггүй. Олон ургальч үзлийг дэлгэрүүлснээр иргэд ч хөгжинө, сүм хийдүүд ч хөгжинө, бүхэлдээ нийгэм хожино.
Хөгжил хоёр талтай, тиймээс хөгжлийн асуудал нь дан ганц сүм хийдүүдийн явцуу асуудал биш, харин өргөн түмний ашиг сонирхлоороо нэгдсэн хамтын ажиллагаа, өргөн далайцтай оролцооны асуудал мөн болохыг олж харснаараа Мартин Лютер дундад зууны нийгмийг эрс шинэчлэлийн зам руу хөтлөх нийгмийн хөтөч, манлайлагч нь болж чадсан билээ.
Нийгмийг хөдөлгөгч хүч нь мөнгө, ашиг орлого болон хувирав. Мэдээж энэ өөрчлөлт сүм хийдүүдэд амар байгаагүй. Хүмүүс хөрөнгөжиж хяналтаас гарах нь тэдэнд ашиггүй. Гэхдээ тэд эрс өөрчлөлтөөс татгалзан алгуур, зугуухан өөрчлөлтийг дэмжсэн. Ингэхээс өөр ч арга байсангүй. Учир нь хаад, ноёд, баячууд, хөрөнгөтнүүд бүгдээрээ л хөрөнгөжин баяжиж тусдаа гарахыг мөрөөдөж байсан. Энэ хүслийг нь тухайн үеийн сүм хийдүүд зөвшөөрдөггүй байсан нь сүм хийдийг өөрсдийг нь ганцаардуулж байв.
Тэгэхлээр шашны үзэл суртлын асуудал нь нар, дэлхийн харилцааны тухай яриа гэхээсээ илүү нийгмийн шинэ харилцаа, хөгжлийн шинэ загварын тухай маргаан байжээ. Маргаан, мэтгэлцээн, шүүмжлэл өрнүүлэх нь гэмт хэрэг биш харин хүний болоод нийгмийн хөгжил, цэцэглэлтийн тулах цэг болон хувирчээ. Ухаандаа Гулливерын аялал мэтийн түүх санаанаасаа ургуулан зохиож бичээд сүм хийдийн зөвлөлийн хурлаар орж шийтгүүлэн шоронд орохгүй боллоо гэсэн үг. Өндгийг аль талаас нь хагалах зөв болохыг шийдэхээр хоёр улс хоорондоо дайтаад хэн нь ч хэнийгээ дийлж чадахгүй олон жил өнгөрдөг марзан түүхийн тухай энэ зохиолд өгүүлдэг шүү дээ.
Дэлхий даяар одон орны судалгааны төв байгуулж, чөлөөт худалдааг дэмжин, олон ургальч үзлийг дэлгэрүүлсэн явдал нь дэлхийн хөгжлийн чиг хандлагыг үндсээр нь эргүүлэх зорилгоор монголын төрөөс авч хэрэгжүүлсэн алсыг харсан иж бүрэн цогц бодлого байжээ. Нэгийг нь ч нөгөөгөөс нь салгах боломжгүй. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. Энэ бодлогыг ухаж ойлгон дэмжсэн бүх хүмүүс монголчуудын холбоотон болж байлаа. Тэд тооны хувьд цөөн, нууц байдалд ажиллаж байсан боловч монголчуудад үнэлж баршгүй тус хүргэж байжээ. Тулаан болгоны өмнө дайсныхаа бүх нууцыг мэддэг байсан нь тэдгээр хүмүүсийн ач тус, оролцоо байсны баталгаа.
Зүйрлэвээс, шалгалтын билет задарчээ гэсэн үг. Тиймээс монголчууд бүх шалгалтаа онц дүнтэйгээр өгч алхам бүртээ ялалт байгуулж байв. Гэтэл египтийн мамлъюкуудтэй хийсэн тулаанд анх удаа ялагдсан. Том биш, бараг хүн тоохгүй жижиг дайсан. Үүний учир нь монголын холбоотнууд буруу мэдээлэл дамжуулсантай холбоотой. Буруу билет сугалаад шалгалтандаа бүдэрсэн хэрэг. Хэрвээ монголчууд сүрхий мундаг дайчид байсан нь үнэн юм бол мамльлуукуудыг арчаад л өнгөрөх байсан шүү дээ. Мэдээлэл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг энэ жишээ тод харуулж байна. Тиймээс монголын холбоотон байсан тагнуулчдын үнэ цэнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй.
Яагаад үүнийг сөхөж яриад байна гэвэл монголчуудын хувьд нөхөр, дайсан гэх туйлширсан ойлголт байсангүй. Өнөөдрийн дайсан маргаашийн нөхөр болж болно. Нөхөр нь дайсан болж болно. Ийм жишээний нэг нь Чингисийг шархдуулсан Зэв жанжин эсвэл Тэмүүжиний дайсан, эртний анд гүр хаан Жамуха.
Монголчуудын хувьд дайсан гэхээр заавал муу хүн гэсэн утга агуулахгүй. Сайн дайсан бол хүндлэн дээдэлбэл зохих нөхөр мөн. Ийм хүнийг хороон далд оруулах бус харин амийг нь хэлтрүүлж шагнал урамшуулал олгоно. Сайн өрсөлдөгч бол сайн багш гэж үзнэ. Маш харьцангуй ойлголт.
Гэтэл европчуудын хувьд дайсан бол дайсан, нөхөр бол нөхөр гэсэн итгэл үнэмшил зонхилж байв. Энэ нь найзын найз миний найз, найзын дайсан миний дайсан гэх сократын гүн ухаанд суурилсан аристотелийн логик ухаантай холбоотой байжээ. Хэрвээ миний дайсан миний найз, эсвэл миний найз миний дайсан бол яах вэ гэх гаргалгаа байсангүй. Энэ асуудлыг олж хараад аристотелийн логикийг эрс шүүмжилсэн анхны гүн ухаантан нь шашны том зүтгэлтэн Николай Куза байв. Түүний нээж олсон шинэ санаа нь хожим шашны их шинэчлэлийн салхи тарих анхдагч үр болж чаджээ. Энэ бол Dignity.
Тухайн үед европчуудын дунд нэр төр гэх ойлголт нь бурхантай холбоотой ойлголт байв. Мэргэжлийн хүлэг баатрууд нь лам нар. Тэд өөрсдийгөө бурханы цэргүүд гэж үзнэ. Бурхан бол цав цагаан, чөтгөр бол тас хар. Бурхан бол өндөг мэт өөгүй цэвэрхэн. Чөтгөр бол хорон санаатан бузрын этгээд. Тиймээс түүх зохиохдоо хүнийг нэг бол тэнгэрт тултал магтна, үгүй бол газарт ортол муулна.
Гэтэл монголчуудын хувьд түүх өөрөөр бичигдэнэ. Хүн бүр алдаатай, оноотой. Чингис хаан гэхэд л багадаа ахыгаа харваж амийг нь хөнөөсөн байх жишээтэй. Мэдээж өөр олон алдаа бий. Гэхдээ эдгээр алдаа нь Чингис хааны нэр төрд огтхон ч харшлахгүй. Харин ч эсрэгээрээ түүний намтар, түүхийг чимэглэдэг. Магадгүй энэ алдаагаараа бахархах тул амьдралдаа үйлдсэн бүх алдаагаа нууц товчоонд нэгд нэгэнгүй тоочин бичжээ. Өгөөдэй хааны тухай гэхэд л бас ялгаагүй. Хар, цагаан, алдаа, оноог сүлжиж түүхийг бүтээнэ. Бурхан, чөтгөр хоёр нэгэн биед зэрэг цогцолжээ. Нэг зоосны хоёр тал.
Тэгэхлээр монголчуудын түүх нэр төр эрхэмлэх өнцгөөс бус харин нас намба гэх өнцгөөс, бүр тодруулбал хувь хүний хөгжил, төлөвшлийн үүднээс бичигдсэн байна. Өнөөдөр үр тариад маргааш нь жимс хураахгүйн адил, хүн нэг өглөө сэрээд бурхан болохгүй. Алдаж, онож, эрсдэж, аврагдаж явсаар хүн болж төлөвшинө. Ямар ч алдаа гаргахгүй явж байгаад амжилт олно гэж хэзээ ч байхгүй. Хэрвээ амжилтын оргил өөд явж л байгаа бол заавал алдаа хийнэ. Энэ бол байгалийн жам.
Тэгэхлээр dignity буюу нас намба гэх ойлголт нь хүний төлөвшилтэй холбоотой ойлголт байна. Төлөвшил нь олон үе шаттай. Томоогүй, гэнэн, балчир насаас авахуулаад хашир, хэрсүүд, хор шартай залуу нас, намуун дөлгөөн төлөв түвшин өтөл нас гэх мэт. Энэ бүх хувирал, өөрчлөлтийг нууц товчоогоор нэгд нэгэнгүй дэлгэн харуулжээ.
Хүн гэдэг байнга хувирч өөрчлөгдөх амьтан. Үнэхээр ухаан сэргэлэн, гүйлгээ ухаантай хүмүүс өөрийгөө эвдэн цаг үе, нөхцөл байдалдаа дасан зохицож оригил өөд мацаж чадна. Тийм хүмүүс хаад, ноёд болдог. Ингэж үзвэл ноён урваач, нохой шарваач гэдэг нь ихэс, дээдсийг магтсан үг болж таарна.
Өдгөө дэлхий нийтээр нас намбыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүд тохиож байна. Бид энэ өдрүүдийг элдэв хурал, цуглаан, шоу, наадам хийж үр дүнгүй өнгөрүүлэх бус харин нийгэмд тохиолдож буй тулгамдсан асуудлуудаа ил тодоор илэн далангүй ярилцаж ажил хэрэгчээр өнгөрүүлэх нь зүйд нийцэх билээ. Нас намба бол зөвхөн хувь хүний хөгжил, төлөвшилтэй холбоотой ойлголт биш. Энд улс орон, намууд болон байгууллагуудын төлөвшил бас багтана.
Өндөр хөгжилтэй орнууд нэг өдөр төлөвшөөгүй. Бидний туулж буй бүх зовлон, бэрхшээлүүдийг бидэнтэй адилхан туулаад өнгөрсөн. Энэ бол зайлшгүй туулах ёстой зам. Эдлэх ёстой зовлон. Үүнээс бултаж тойрох аргагүй. Тиймээс бид энэ бүхнийг харааж зүхэж суух бус харин тойрч суугаад илэн далангүй ярилцах хэрэгтэй. Алдаа, оноогоо шүүх хэрэгтэй. Эцсийн эцэст энэ алдаагаараа бид бахархах учиртай.
Иргэд улс төрийн эрхээ эдлэн, сонгох сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудаа илээр гарган тавьж төр засгийн зүгээс ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай талаар оролцогч бүх талууд хамтран шүүмж яриа өрнүүлж гарах гарцыг олох хэрэгтэй. Бусдын туршлагаас суралцах зүйл ч бидэнд бишгүй бий. Ингэж чадвал бид бүхэн хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орох болно гэдэгт итгэлтэй байна.
Нэр төрөө эрхэмлэнэ гэж юу вэ?
No comments:
Post a Comment