Нэр төрөө эрхэмлэнэ гэж юу вэ?
Монгол ардын зүйр цэцэн үгс нь хүний хүмүүжил, төлөвшилтэй холбоотой "хүн нэрээ тогос өдөө", "сайн нэрийг хусавч үл арилна, муу нэрийг хүсэвч эс олдоно" гэх зэрэг үгсээр арвин баялаг. Нэр төрийг эрхэмлэн дээдлэхийг чухалчилсан хэллэгүүд. Эндээс харахад нэр төр гэгч нь байж ч болох, үгүй ч байж болох, байсан нэг нь гээгдэж, хаягдаж, орхигдож, үрэгдэж болох эд ажээ. Тэр бүү хэл бусдад булаалгуйлж, хулгайлагдаж ч болох мэт. Нэр төрөө алдах вий хэмээн нойр, хоолгүй манаж, сахиж байж ч мэдэхээр.
Нэр төрөө хамгаалах нь юу гэсэн утгатай вэ? Ертөнцөөс өөрийгөө тусгаарлан эзэнгүй арал дээр ганцаар амьдрах Робинзонын хувьд нэр төрөө хэнд ч алдахгүй хэмээн амар тайван суухын нэр мөн үү? Яагаад dignity гэх үгийг нэр төр гэж орчуулж тайлбарлаад байгаа нь хачирхалтай. Яг нарийндаа, dignity бол нэр төр гэхийн эсрэг ойлголт. Dignity нь та хаана амьдарч юу хийж байгаагаас үл хамаарах таны салшгүй хэсэг. Ингэхэд dignity гэж юу вэ?
Dignity, нэр төр хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй. Явах зүг нь ижил гэсэн санаа. Гэхдээ энэ нь уг хоёр ойлголт адилхан гэж ойлгоход хүргэдэг бололтой. Энэ бол төөрөгдөл. Эд бол нэг зоосны хоёр тал. Жишээ нь шоронгийн хоригдлын нэр төрийг юугаар хэмжиж, хэрхэн үнэлж, урамшуулах вэ? Тухайн гэмт хэрэг хийсэн этгээд өөрийн үйлдсэн хэргээрээ бахархаагүй, онгироогүй гэж үү? Энэ хүний байгуулсан гавъяаг төр засгаас өндрөөр үнэлэн гавъяат дээрэмчин, хөдөлмөрийн баатар хулгайч цолоор шагнаж болох уу? Яагаад зарим нь нэр төрөө үнэлүүлж цол хэргэм авдаг, яагаад зарим нь нэр төрөө үнэлүүлж шорон, гянданд хоригдоно вэ?
Нэр төр бол өргөн утгаараа олонд танигдах, бусадтай ижилсэх, нийтийн төлөө зүтгэхийн нэр. Эхлээд нийтийг бод, дараа нь өөрийгөө бод. Харин dignity бол өөр. Энэ бол бусдаас ялгарах, онцгойрох, өөрийн төлөө зүтгэхийн нэр. Эхлээд амиа бод, дараа нь нийгмээ бод. Явдал нь өөр гэсэн үг. Энэ бол хүний эрх, ардчилалын тулгуур зарчим. Энэ зарчмыг хамгийн анх томъёолсон хүн бол 1400-аад оны үед амьдарч байсан Ромын томоохон хамбуудын нэг, шашны том онолч, гүн ухаантан Николай Куза юм. Хэрвээ энэ хүний туурвисан бүтээлүүдийг уншвал энэ асуудлыг маш ул суурьтай гүнзгий судалсан байхыг олж харах болно.
Тухайн цагтаа Чингис хаан шиг муу хүн энэ хорвоо дэлхий дээр ганц ч байгаагүй. Өнөөдөр түүн шиг гайхамшигтай хүн алга. Гэтэл нэгэн үеийн гайхамшиг хэмээн бишрэн шүтүүлж байсан зарим хүн өнөөдөр сураг чимээ алдарлаа. Нөгөө цуутай өндөр нэр төр, алдар суу нь хайчав? Нэр төрөө эрхэмлэнэ гэдэг нь бусдад таалагдахын нэр мөн гэж үү? Нэр төр юунаас үүсдэг вэ?
Гэтэл dignity нь хүн төрөхөд хамт бий болдог, үүнийг зааж, сургах асуудал байхгүй, харин хүлээн зөвшөөрөх асуудал бий. Үүнийг яагаад нэр төртэй хольж хутган бантан зуурна вэ?
Хөгжил бүхэн үе шатуудтай, үе шат бүр нь өөрийн ялгарах онцлогтой. Цэцэгт ургамлаар жишээлье. Үр суулгасны дараа соёолно, дараа нь нахиална, иш навч ургана. Нас бие боловсорч гүйцмэгц үржлийн ажилд орно. Балын сайхан үнэр, амт ханхлуулсан цэцэг дэлбээлж орчны ялаа, зөгий тэргүүтэн хорхой, шавьжийг өөртөө татна. Боловсроогүй байхад нь ямар ч зөгий тоож цэцгэн дээр суухгүй. Ялаа, зөгий бол цэцэгний үржлийн ажлыг гүйцэтгэгчид. Тэд нэг цэцгээс нөгөө рүү дамжин нисэхдээ тоос хүртээх ажил хийнэ. Хэрвээ ийм солилцоо хийхгүй бол үр жимс ургахгүй. Тэдгээр шавьж бол цэцэгний аврал. Харин үр жимс ургасны дараа хорхой, шавьж шиг хэрэггүй дайсан байхгүй. Цэцэг, навч тансаг үнэрээ даруй халж оронд нь элдэв өргөс, зүү, хатгуур ургуулж шавьжнуудыг даруй үлдэн хөөж зайлуулна.
Энэ жишээнээс юу харагдаж байна? Анхандаа цэцэг, шавьж хоёр бие, биеэ огт танихгүй, огт мэдэхгүй. Дараа нь хоорондоо найзлаад, эцэст нь муудалцаад сална. Тэд хэзээ ч хоорондоо дасахгүй, бас хэзээ ч хоорондоо эвлэрэхгүй. Энэ амьдрал мөнх үргэлжилнэ. Мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн нөхөр гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий. Энэ бол амь амиа бодох явдал. Энэ бол өөрийгөө аврах явдал. Нийтийн эрх ашиг ба хувийн эрх ашгийн зохицол.
Үүнийг одоогоос бараг 700 жилийн тэртээ Николай Куза олж хараад хөгжлийн шат бүхэнд өөр, өөр үнэн оршин байна, энэ нь хөгжихөд зайлшгүй шаардлагатай заяамал зүй тогтол бөгөөд үүнийг хэн ч өөрчлөх юмуу амьдралаас салгах боломжгүй, тиймээс өөр, өөр үнэн, өөр өөр оршихуй зэрэгцэн байхыг үл тэвчин нухчин дарах бус харин тэднийг хамгаалж, тэтгэн дэмжих ёстой гэсэн алдарт дүгнэлтээ гаргасан юм. Энэ дүгнэлтийн үр дүн бол dignity буюу нас намба, товчоор хэлбэл намба гэсэн ухагдахуун юм. Хөгжлийн үе шатууд буюу насжилтийг заасан ойлголт. Хэрвээ намба алдагдах л юм бол хөгжлийн явц замаасаа гажин үр жимс нь боловсорч чадахгүй зогсож хөгжил унтарна.
Хүний хөгжил ургамлын хөгжилтэй яг адилхан. Тиймээс dignity буюу намба гэдэг нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, олон ургальч үзлийн тулгуур зарчим болон тодорчээ. Энэ нь нэр төр эрхэмлэхтэй огт хамаагүй шал өөр ойлголт юм шүү дээ.
Нас намбатай холбоотой монгол ардын олон зүйр үг байдгийн нэг нь Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэх хэллэг. Аливаа зүйл хоёр талтай, энэ хоёрыг салгаж болохгүй, бас нийлүүлж болохгүй. Үнэн, худал хоёр нийлж байж нэг сав дүүрнэ, амьдрал бүрэн бүтэн болно. Чухам энэ үнэнийг танин мэдсэн учраас монголчууд түүхийн тавцан дээр товойн гарч чадсан юм.
Монголчууд ингэж томоор сэтгэж чадсан учраас томоор хөдөлж чаджээ. Айхтар хүчтэй, чадалтай, халаас дүүрэн мөнгөтэй байсан учраас дэлхийг эзэлсэн хэрэг огт биш, харин том бодлоготон байж чадсан учраас дэлхийд ноёрхолоо тогтоосон. Энэ бодлогын цөм нь dignity буюу намба гэх зарчим бөлгөө. Энэ бодлогоо бусдад зөв таниулж ойлгуулж чадсан учраас дайснууд дотроосоо өөртөө холбоотнууд элсүүлж чадсан юм. Шашин шүтэх, үзэл бодлоо хамгаалах, олон ургальч үзлийг тэтгэн дэлгэрүүлэх бүх үүд, хаалгыг нээж өгсөн. Энэ бол урваж шарвах юмуу нэр төр хамгаалах тухай яриа огт биш. Энэ бол хөгжил, дэвшлийн замыг тавих тухай яриа. Итали, Франц, Англи гэхчлэн монголын холбоотон байсан олон хүмүүс хожим энэ санааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж баяжуулсаар бидний өнөө үетэй золгосон билээ.
Харамсалтай нь бидний тархи жижгирчээ. Ухааны бэлчээр дэндүү жижигхэн байна. Наад зах нь цэцэрлэг, сургуулийн боловсролыг хар. Хүүхдүүдийг яг цэрэг мэт нэг хэмээр захирах гэж оролдож байна. Зүй нь тэд багадаа зүггүйтэж, сахилгагүйтэж, хэрэг тарьж байх ёстой хүмүүс. Ингэж байж ухаан нь тэлнэ, задрана, хүмүүжинэ. Өөр, өөр зан авир, ааш араншинтай нүүр тулгаран тэмцэж энэ тэмцэл дундаас хүүхдүүд өөрийгөө нээж олох учиртай. Өрнөдийн боловсрол яг энэ замаар явдаг. Нас намбыг шууд дэмжиж хамгаалж байна шүү дээ. Гэтэл манайд үүний шууд эсрэгээр явж байна. Хүүхдийн эсрэг нэг төрлийн хүчирхийлэл, оюуны террор хийж байна. Үр дүнд нь хүүхдүүд өөртөө итгэлгүй, аймхай хулчгар, сул дорой, арчаагүй нэгэн болон хүмүүжиж хүн чанар нь эвдэрч байна. Хүн чанар муутай хүн хичнээн эрдэм номтой байгаад сайн үйл бүтээх үү? Харин хүн чанартай хүн сайн үйлийн төлөө өөрийгөө хөгжүүлж чадна. Тэгэхлээр сургуульд бид хүүхдэд юу заах ёстой вэ?
tolgoindoo orson random yumnuudiig bichtsen yum shig snagdlaa hhe
ReplyDelete