Wednesday, November 30, 2011

Огт Оргүй Хурмаст Нар Үл Гэрлэсэн Түүх

Ам алдвал барьж болдоггүй
Адольф Гитлер
1932 оны 7 сар

Их сорилт ирлээ. Өнөөгийн эрх баригчид ард түмэндээ аз жаргалын шувуухай барьж өгөхөө амласнаас хойш бүтэн арван гурван жил өнгөрчээ. Харин тэд өдгөө шувуухай барихаар урласан торондоо өөрсдөө орж баригдлаа.


Урьд өмнө хэн ч харж байгаагүй аз жаргалын шувуу барихаар амлаж байсан тэдгээр луйварчид улс орныг маань элгээр нь газар мөлхүүлж золтой л нүд аниулчихсангүй. 1918 оны арваннэгдүгээр сарын тэр нэгэн өдрүүдэд улс үндэстнээ, тэр тусмаа хөдөлмөрчин түмнээ манлайлан эдийн засгийн гэрэлт ирээдүй рүү хөтлөхөө тэд амлаж байлаа. Тэдний заасан замаар бүтэн арван дөрвөн жил бэдэрсний эцэст хүн бүр сульдан доройтож сөхөрч унахдаа туллаа.

Германы хөдөө аж ахуй дампуурч, дунд анги сүйрэн, нийгмийн орчин сайжрахыг хүлээсэн сая, сая хүмүүсийн итгэл найдвар унтарлаа; ажиллах хүчний гурваны нэгтэй тэнцэх эрэгтэй, эмэгтэй олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, өдөр хоног аргацааж явна. Үндэсний засгийн газар (Reich), орон нутгийн засаг, захиргаа бүхэлдээ өрийн гүнзгий намагт шигдэн, шамшигдал эх захаа алдснаар нийтийн юм бүхэн хоосорлоо.

Ингэж тонуулахаас илүү яаж доромжлуулах вэ? Хамгийн хорлонтой нь тэд хүмүүсийн итгэл найдварыг үгүй хийн арчаагүй, гутранги үзэлтэн болгон хувиргасан юм. Арван гурван жилийн хугацаанд тэд ард түмнийхээ хүчийг зөв голидролд нь оруулан бадрааж чадсангүй. Харин ч бүр эсэргээрээ! Тэд ард түмэн нойрноосоо сэрэх вий хэмээн айхдаа хотыг хөдөөтэй, ажилчныг сэхээтэнтэй, хөх захтнуудыг цагаан захтнуудтай, Баварчуудыг Пруссчуудтэй, католикуудыг протестанчуудтай сөргөлдүүлэх бодлого явуулсан юм.



Манай үндэстний бүхий л эрч хүч энэ мэт дотоод сөргөлдөөнөө даван туулахад зарцуулагдан замхарч байна. Соёлын өв уламжлал, олон улсын хууль тогтоомж, амбан захирагчдын чуулган, Үндэстнүүдийн Зөвлөл, Хоёрдугаар Интернационал, Гуравдугаар Интернационал, пролетаричуудын эв нэгдэл гээд олон улсын хэрэг явдал огтхон ч падгүй. Мэдээж, дэлхий ертөнц ч биднээр дутахгүй. Гэх мэтчилэнгээр герман орон алгуур мөхөж байгаа бөгөөд улс орноо сүйрэл рүү хөтөлсөн эдгээр хүмүүс улс орноо сэргээж чадна гэдэгт зөвхөн усан тэнэг хүн л итгэх байх. Хэрвээ парламентад суудалтай намууд улс орныхоо төлөө тэгтлээ их санаа нь зовоод байгаа юм бол өмнө нь юугаа хийж байсан юм? Улс орноо хөгжүүлэхийн төлөө үнэхээр зүтгэсэн юм бол яагаад хөгжихгүй байна? Эдгээр намын нөхдүүд үнэнчээр зүтгэсэн юм бол тэдний хөтөлбөр нь худлаа байна гэсэн үг. Хэрвээ тэдний хөтөлбөр зөв байсан юм бол тэдэнд эх орноо аврах чин сэтгэл байсангүй гэсэн үг, магадгүй эсвэл тэдний мэдлэг, чадвар нь хүрээгүй.

Улс гэрээрээ арван гурван жил тоглуулсны эцэст тэдгээрийг хөөн зайлуулах жам ёсны түүхэн цаг ирлээ. Өнөөгийн парламентын олон намууд хэрэгтэй юу, үгүй юу гэхээсээ илүүтэйгээр герман орон бүрэн сүйрэхээс аврах гарц байна уу, үгүй юу гэдэг нь жинхэнэ тулгамдсан асуудал болоод байна.

Тэдгээр намыг арчин хаях нь манай ариун үүрэг мөн, учир нь тэд өөрсдийн амьдрах хугацааг уртасгахын тулд улс орноо хагалан бутаргасаар байх болно. Таныг хэн ч хамгаалахгүй тул эрх ашгийнхаа төлөө өөрсдөө тэмц хэмээн Германы хөдөлмөрийн хүмүүсийг тэд олон жил ухуулсан. Эрх ашгаа хамгаалах байгууллага байгуулахгүй л бол хоолноос хоцорлоо хэмээн фермерүүдийг тэд олон жил мэхэлсэн. Дунд давхрагынхан амиа аврахын тулд дунд ангийн нам байгуулна гэх буюу аж үйлдвэрийн салбарын уналтаас аж үйлдвэрийн нам аврах учиртай гэнэ. Катологичуудын хорогдох газар нь Төв Нам (Zentrum) байх бол протестанчуудын нуувч нь Христийн Нийгэмлэгийн Хүмүүсийн Үйлчлэл (Christlichsozialer Volksdienst) байна ч гэх шиг. Бас болоогүй түрээслэгчид, ажилчид, нийгмийн ажилтнуудаас юугаараа дутахав гэсэн шиг сууц өмчлөгчдийн хөдөлгөөн гэсэн улс төрийн байгууллага бас байгуулагдах жишээтэй.

Гэвч улс үндэстнээ шашин шүтлэг, угсаа гарал, ажил мэргэжлээр нь талцуулан зодолдуулж ээлж, ээлжээр хоолонд оруулах гэсэн тэдний санаа бүрэн дампуурлаа.

Хувь хүний хувь тавилан нийт үндэстний хувь тавилантай салшгүй холбоотой гэдгийг Үндэсний Социалист хөдөлгөөн байгуулах үедээ бид сайтар ойлгож байсан билээ. Хэрвээ Герман орон сүйрвэл ажилчин хүн ч тэсэхгүй, үйлдвэрийн эзэн ч хожихгүй; фермер хүн ч тэр, дунд анги ч тэр адилхан сүйрнэ. Үгүй ээ, Рейхийн мөхөл, үндэстний сүйрэл гэдэг нь бид бүгдийн сүйрэл гэсэн үг! Бүхний толгойг залгих ийм сүйрлээс хэн ч эсэн мэнд мултарч чадахгүй.


Үндэсний Социалист хөдөлгөөн байгуулахдаа, анхнаасаа л бид дунд анги нь пролетариа залгина гэх юмуу пролетари нь дунд ангиа залгина гэдэг үлгэрт итгэж байсангүй. Эцсийн эцэст, хэн хэнийх нь толгойг олон улсын санхүүчид л залгина. Гэтэл яг тийм зүйл болоод өнгөрлөө!

Энэ бүх аюул, гамшгийг арван гурван жилийн өмнө олж харсан би болон бидний хэсэг нөхөд гар, сэтгэл нийлэн шинэ хөдөлгөөн байгуулсан бөгөөд үндэсний шинэ гал голомт бадраана хэмээн билигшээсэн нэрээр хөдөлгөөнөө нэрлэсэн түүхтэй. Тураалтай тархиар социализм байгуулахгүй, бас хүчирхэг ард түмэнгүйгээр нийгмийн сайн сайхныг мөрөөдөх ч хэрэггүй. Сая сая сэхээтнүүд, сая сая хөдөлмөрчид, сая сая фермерүүдтэй нэгдэн нийлэхгүйгээр үндэстэн, цаашлаад үндэсний үзэл гэж байхгүй.

Үндэсний үзэл, социализмын үзэл санаа хоёр тус тусдаа оршсоор байх аваас тэдний эсрэг чиглэсэн нэгдмэл хүчинд бут цохиулах болно. Харин энэ хоёр үзэл санаа нэгдэж чадвал хэнд ч дийлдэшгүй агуу хүчийг олох болно!

Герман оронд улс төр, эдийн засгийн амьдрал бүхэлдээ нуран унаж сүйрч байхтай зэрэгцэн цорын ганц байгууллага урьд хожид байгаагүйгээр нэр хүндийн оргил өөд дүүлж явааг хэн үгүйсгэж чадах вэ?

Герман орныг нэгтгэх энэхүү их үйлсийг арван гурван жилийн тэртээ анх эхлүүлэхдээ долуулаа байсан бол өдгөө бидний эгнээ өргөжин тэлж 13 саяулаа болжээ. Хэргийн учир нь гишүүдийн олон, цөөндөө байгаа юм биш, харин ямар хүмүүс байгаа нь онцгой. Германы бүх хязгаар мужуудийг хамарсан ажилчин, тариачин, сэхээтэн, католик, протестант гээд амьдралын бүх хүрээг төлөөлсөн 13 сая хүн. Тэд бол ганц, нэгээрээ тэмцээд хол харайхгүй, бид бүгдийн хамтын хүчин чармайлтаас бидний цаашдын ирээдүй хамаарна гэдгийг ойлгож ухамсарласан 13 сая германчууд юм.

Өөрсдийнхөө тухай өөрсдөө юу гэж бодох нь тийм чухал биш гэдгийг олон сая тариачид ойлгож чадлаа. Өөрсдийгөө бусдад зөвөөр ойлгуулж тэдний дэмжлэгийг авах нь чухал болохыг ойлгосон явдал нь хамгийн гол ололт.

Бас тархи угаасан элдэв онолд төөрөгдөн хувь тавилангаа олон улсын байгууллагуудаас хамаарна гэж хүлээн суух нь буруу гэдгийг олон сая ажилчид ойлгодог боллоо. Германы тариачид, Германы ажилчидгүйгээр хүчирхэг Герман орныг цогцлуулах боломжгүй гэдгийг ухаарсан нь урагшаа алхсан бас нэг том алхам мөн.

Мөн Германы бусад хүмүүс өөрсдийг нь хүлээн зөвшөөрч хүндлэн дээдлэхээс нааш тэд өөрсдийгөө юу ч гэж магтан дуулаад хэн ч тоохгүй гэдгийг олон сая сэхээтнүүд баттай ойлгож авлаа.



Арвангурван жилийн тэртээ Үндэсний Социалистууд биднийг дооглон тохуурхдаг байлаа. Харин өдгөө манай өрсөлдөгчид олны доог тохуу болж байна. Анги давхрага, зиндаа төлвийн тухай хоосон хийрхлээс олон хүн алгуур ангижирч байна. Бавар, Прусс, Саксон хүн үү, католик юмуу протестант шүтлэгтэн үү, эс бөгөөс ажилчин, төрийн түшмэл, дунд ангийн иргэн, албан хаагч гэдгээсээ үл хамааран, бид бүгдээрээ адилхан Герман хүмүүс гэдэг итгэл үнэмшлээр өөрийн үндэстнээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэлд олон сая хүн нэгдээд байна.

Бид хувь тавилангаараа холбогдсон хэмээх мэдрэмжээс бие биенээ хүндлэх сэтгэл төрж, энэ хүндлэлээс ойлголцол бий болж, уг ойлголцлоос бид бүхнийг урагш хөдөлгөх агуу их хүч үүсч байна.

Чухам ийм учраас Үндэсний Социалистууд бид алхам алхмаар урагшлан засгийн эрх авах зорилгоор парламентын хуралдааныг үймүүлэх мэх хэрэглэдэг юм. Үүнийг парламентын суудал юмуу засгийн газрын албан тушаалын төлөө хийж буй эрээ цээрээ алдсан, ичгүүр сонжуургүй улайрсан тэмцэл хэмээн явцуу утгаар ойлгох хэрэггүй; энэ бол германы ард түмний нийтлэг эрх ашиг, нэгдмэл хувь тавилангаар холбогдсон улс орноо дахин нэгтэхийн төлөө хийж буй аз сорьсон эрсдэлтэй алхам юм.

Эзэн тэнгэрийн ивээлээр бидний тоо арван гурван жилийн дотор долоогоос арван гурван сая болтлоо өссөний нэгэн адил эдгээр арван гурван сая хүн шинэ Герман үндэстнийг бүрдүүлэх үр хөврөл болох ерөөлтэй билээ. Бид ард түмэндээ итгэдэг. Бид энэ л ард түмнийхээ төлөө тэмцдэг бөгөөд шаардлагатай бол өөрийн бие, сэтгэлээ ард түмэндээ бүрэн зориулахад ямагт бэлэн.

Хэрвээ ард түмэн өөрийн үүргээ биелүүлж чадвал нэг л өдөр бид аз жаргалын шувуухайг заавал барих болно!

No comments:

Post a Comment