Sunday, November 27, 2011

Зугаатай ан

Худалдагдсан түшмэд хөрөнгөө хураалгах болно хэмээн Сергей Степашин амалж байна.

- Сергей Вадимович, Орост хоёр ходоодны шарх бий, нэг нь тэнэгүүд, нөгөө нь зам гэлцдэг. Магадгүй, бидэнд ганцхан шүдний өвчин бий, тэр нь хяналт шалгалт суларсан явдал хэмээн оношилж болох бус уу?

Мунхаглал, зам хоёр бол удмын өвчин гэдгийг бүгд мэднэ. Харин хяналт шалгалтын тухайд гэвэл, манайд хяналт шалгалтын зүү, тариур хангалттай олон байгаа болохоор, бид хөндүүр, зовиурыг мэдрэхээ байчихсан гэж бултах нь хайшаа юм. Гол нь тарилгаа хэдийд, яаж хийвэл зохихыг нарийвчлан тусгасан нэгдмэл жор байхгүй байгаа нь гар мухарлаад байгаа юм. Өвчнийг сэдрээхгүй, халдварыг тархаахгүй байх маш чухал. Энд тарилга хийх нь өөрөө чухал биш, харин өвчний голомтыг илрүүлэн устгах нь хамгаас чухал.



- Саяхан "Сахалин - 1", "Сахалин - 2" төслийг дүгнээд эцсийн шийдвэрээ гаргасан. Хяналт шалгалтын хорооноос гадаадын пүүсүүдийн үйл ажиллагааны талаар ийм хатуу дүн тавихад юу нөлөөлөв?

Уг шархыг бид зургаан жилийн турш анхааралтай ажиглан, энэ хооронд нийтдээ найман удаагийн урьдчилан сэргийлэх тарилга хийсэн. Төслийн өртгийн өсөлт, байгаль орчны бохирдол, ашгийн түвшний бууралт гээд өвчний шинж тэмдэг илэрч байгааг урьд өмнө нь ч бас анхааруулж байсан.

Нэгдүгээрт, Сахалин - 2 төслийн өртөг гэнэт огцом хоёр дахин өссөн явдал байна. Тэр тусмаа томилолтын зардал, хуулийн зардал гээд элдэв үйлчилгээний зардлууд ингэж өссөн нь сэжигтэй. Энэ талаар Ерөнхийлөгч саяхан дурдсан, дашрамд хэлэхэд, бид Ерөнхийлөгчийн ан хийх хорхойг хөдөлгөж чадсан. Хоёрдугаарт, байгаль орчинтой холбоотой хэргүүд байна. Асуудлыг бид бүгдээрээ, үүний дотор америк, англи болон япон түншүүд маань газар дээр нь үзэж танилцаад санал нэгдцгээсэн. Гуравдугаарт, хэрвээ зардал огцом өсвөл бидний хоёр, гурав, эсвэл арван жилийн турш олно гэж тооцож байсан ашиг буурна, мэдээж ингэх нь бидэнд ашиггүй. Тиймээс, бид ширээний ард суугаад оросын пүүсүүдийг ямар нэгэн байдлаар татан оролцуулах талаар бодох шаардлагатай болоод байна. Бид өнөөдөр өөрсдийн хүчээ ашиглах чадалтай болсон гэдэгт итгэлтэй байна.

- Оросын тоглоомын дүрэм ойлгомжгүй, бүрхэг байна гээд л уйлагнаад эхлэнэ дээ...

Миний бодлоор, гадаадын бизнесүүдтэй ажиллах ерөнхий дүрэм, зарчмууд тодорхой болсон. Хянан шалгах хорооны тэргүүний хувиар хэлэхэд, бид ирэх оноос ня-бо бүртгэл, тайлангийн хоёр тогтолцоонд шилжинэ. Нэг нь европын тогтолцоо, нөгөө нь америкийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, нэгдмэл аргачлал нэвтрүүлснээр Price Water House Coopers юмуу гадаадын хөрөнгө оруулагчтай дурын хамтарсан байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг түвэггүй хийх болно. Элдэв сиймхий, онгорхой цоорхой эрж, хайж явдаг хүмүүсийн гарах гарцыг хаана гэсэн үг.

Ерөөс энэ он гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан он болж чадлаа. Өдгөө Орос оронд багцаалбал 150 томоохон хэмжээний хамтарсан төсөл хэрэгжиж байна. Наад зах нь миний төрөлх хот Петербургаар жишээлэхэд, Всевольж дахь Форд үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Петербург дэхь өөр нэг жишээ бол Тоёота.


- Их ав хэзээ эхлэх гэж байна?

Хэдийнэ эхэлчихсэн. Хэрвээ анзаарсан бол энэ авыг эхлүүлсэн хүн бол Ерөнхийлөгч. "Гурван халим" агнасныг хэлж байна. Холбооны Аюулгүй Алба, Дотоод Хэргийн Яам болон Ерөнхий Прокурорын Газрын зүг тавьсан сум байндаа яг онож туссан. Ингэж байж бид авилгалтай тэмцэх хуулиа баталсан. Дашрамд хэлэхэд, аль 1999 онд бичигдсэн хууль бүтэн долоон жил өнгөрсний дараа одоо л нэг юм батлагдаж байгаа нь энэ.

- Яагаад ингэж их удах болов?

Ингэж удах болсон хамгийн гол шалтгаан бол манай томоохон түшмэдийг түгшээсэн нэг эвгүй асуудал байсан юм. Тэр нь юу байв гэхээр нэгдүгээрт, орлогын мэдүүлгээ ил гаргах, хоёрдугаарт түшмэл хүн албанаасаа буусныхаа дараа ч ямар эх үүсвэрээр хувийн орд харш барив, ямар хөрөнгөөр тансаг машин худалдан авав, ямар ид шидээр элдэв төрлийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болов гэдгээ заавал нотлох шаардлагатай байсан явдал. Харин бид өнөөдөр тэднийг чөлөөтэй агнах боломжтой болж байна, үргээнэ гэхэд хаашаа юм, үнэндээ тэдэнд хорогдох нуувч, нүх сүв олдохгүй.

Манай либерал эдийн засагчдийн зүгээс юу гэж гоншигнох нь хамаагүй, бид одоо луйварчдын хөрөнгийг хураах л болно. Ийм зүйл ангийг Эрүүгийн хуулинд ч бас тусгасан байгаа, тэгэхлээр томоохон түшмэдийн хөл гарыг овоо сайн аргамжсан гэсэн үг.

Харамсалтай нь бидэнд томоохон түшмэдийг авилгад өртөхөөс сэргийлэх, нэг ёсондоо авилгалын эсрэг дархлаа суулгах үр дүнтэй зэвсэг одоогоор алга. Хууль завхруулах юмуу эсвэл хууль зөрчөөсэй гэж бус, харин хуулиа мөрдөж ажиллаасай гэсэн үүднээс түшмэдэд хахууль өгдөг нь бүхэнд илэрхий. Үүнийг л бид өөрчлөх болно.


- Америк юмуу эсвэл Европын улс орнуудад, татвар төлөгчдийн мөнгө хаашаа урсаж буйг шалгаах нь иргэн хүний ариун үүрэг байдаг. Хэрвээ манайд татвар төлөгч жирийн иргэн татварын мөнгө юунд зарцуулагдахыг асуувал чамд ямар хамаа байна, зайл цаашаа гэж хэлэх бус уу?

Яагаад? Тийм зүйл ёстой байхгүй. Иймэрхүү хүсэлт над дээр хүртэл ирдэг, ерөөс бид хүмүүсээс хэдэн арван мянган хүсэлт хүлээн авч тэдний асуусан бүх асуултанд хариулж зөвлөгөө өгдөг. Хэдийгээр энэ нь миний үүрэг биш ч, би ийм ажлаас цааргалахгүй хийдэг.

Бид жил бүхэн тайлан гаргадаг, түүнийгээ интернет дээр бас нийтэлдэг. Бидний эрхлэн гаргадаг "Фитиль" гэж сэтгүүл байна, "Санхүүгийн хяналт" гэж сэтгүүл байна, мөн долоо хоног тутам гаргадаг мэдээ, мэдээллүүд бас бий. Түүнчлэн урд оны төсөв хэрхэн биелэгдснийг жил тутам тайлагнана. Мөн урд оны төсвийн талаархи Хянан, шалгах хорооны дүгнэлтийг жилд тутам өргөн мэдүүлнэ. Энэ бүгдийг хэвлэсэн байгаа, та чөлөөтэй үзэж болно. Ийм боломж нь 5-8 жилийн өмнө ч тэр, ерээд онд ч тэр, бас Зөвлөлт засгийн үед ч байсангүй, харин одоо бол боломжтой.

- Барууны орнуудад, хэрвээ татвар төлөгчдийн мөнгө "буруу гараар" орсон бол хамгийн дээд түвшиндээ огцордог. Оросын иргэд татварын мөнгө хаашаа урсаж байгааг яагаад сонирхдоггүй вэ?

Энэ чинь иргэдээс өөрсдөөс нь л асуух асуулт байна даа. Манайд ч бас огцорсон түүх бий. Зам, тээврийн яамны сайд асан Аксененко чухамхүү ийм үндэслэлээр огцорсон. Батлан хамгаалах яамны санхүүч хурандаа генерал Олейник мөнгө идсэн хэргээрээ шоронгийн хаалга татсан. Жилд 300 орчим эрүүгийн хэрэг үүсгэдэг. 5 сая рублиэс дээш хэмжээний төсвийн хөрөнгө зувчуулсан хэрэгт ноогдуулах эрүүгийн хариуцлагын тухай 285 дугаар зүйл, ангийг манай санаачлагаар оруулсан гэдгийг дашрамд дурдая. Энэ бол тийм ч их мөнгө биш.

Яагаад сонирхохгүй байгаад хэд хэдэн шалтгаан бий гэж бодож байна. Нэгдүгээрт, ямар боломж, ямар эрх эдэлж байгаагаа сайн мэдэхгүй байна. Хүмүүс энэ талаар илүү их ярьдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүс төр засагтаа итгэхгүй байна. Энэ бол хамгийн том эмгэнэл. Шууд ярилцлагын үеэр, хүмүүс ерөнхийлөгчөөс ямар асуулт хамгийн их асуусныг анзаарсан уу? Зарчмын хувьд, эдгээр асуудлын 90 хувийг орон нутгийн захиргаа, үгүй дээ гэхэд оросын засгийн газар хариуцан шийдэх ёстой. Үүн дээр ерөнхийлөгч хариулт өгч байна. Яагаад? Учир нь хүмүүс ерөнхийлөгчдөө итгэж байна. Хэрвээ өөр хэн нэгэн түшмэл байсан бол худлаа хэлэх юмуу булзааруулах эсвэл юу хэлэхээ мэдэхгүй гацна. Ийм хандлагаас л ангижрах хэрэгтэй, энэ бол маш чухал.

No comments:

Post a Comment