Wednesday, November 30, 2011

Хий Морь Эрэл Хийлэгч Эр Гүү Төлөгч Хоёрын Зам Харсан Түүх

Улс төр судлаач Александр Ципко Оросын Холбооны улсын ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Владислав Сурковын бичсэн "Гандирсын Өргөө" өгүүллийн тухай

Энэ бол цогтой дайчин тэмцэгчийн гал халуун эрмэлзлэлээр бичигдсэн үзэл суртлын маш чухал баримт бичиг. Миний бодлоор энэ бол сүүлийн 15 жил гарсан үзэл суртлын баримт бичгүүдээс хамгийн шилдэг нь. Сэтгэлгээнийхээ цар хүрээгээр ч, соёлынхоо түвшингээр ч, утга, уянга тэгширсэн билиг танхай өгүүлэл.

Ийм эрхэм нандин үзлийг үгийн цэцэн, ухааны ураар шаглана гэдэг хүмүүн заяанд ховорхон тохиох хосгүй үзэгдэл. Овилгогүй, гэнэн томоогүй балчир насаа үдэн хал үзэж хашир суусан идэр насны цог хиймориор хөлөглөсөн агуу хүчирхэг Орос орны гэрэлт ирээдүйг зөгнөн дуудсан түүний гал цогтой уриа дуудлагыг уншаад уярахгүй байхын аргагүй.

Энэ бол яахын аргагүй цагаа олсон уран сэтгэмж. Тэр ч бүү хэл, харанхуйг гэрэлтүүлэгч наран зул хэмээн дээдэлбэл зохино. Бид сарны гэрэлд дэндүү дасчээ. Харанхуй үдэш ард хоцорч нарны илч нааш эргэлээ.



Өгүүллийнх нь тулгын гурван чулуу гэвэл: цэцэн үг, уран сэтгэмж (магадгүй энэ нь Сурковын найруулагчийн авъяастай холбоотой), утга уянгын мэргэн хэлхээ. Үлгэрт үнэн бий гэж итгэдэг нь түүний нэг онцлог. Үүгээрээ тэр марксистуудыг хол хаядаг.

Урагшгүй төрийн унхиагүй албатын тухайд. Тэдний хийдэг зүйл нь бидний урмыг хөгжөөдөггүй, тэгээд ч хийж чадахгүй юмаар оролдохын хэрэг юу байна. Үнэндээ бид ууж идэхдээ уургын морь, уухилан зүтгэхдээ ургаа хад болжээ.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэхийн тухайд - орчин үе, тэр тусмаа өрсөлдөөний үед энэ бол гарцаагүй үнэн. Тэр элитийн чанарын тухай үнэнийг хэлжээ. Улсын сүр жавхаа, соёл, ёс зүй тэднээр л дамждаг. Сурков энэ бүхнийг хөндөөд зогссонгүй, бүтээлч элитийн тухай ойлголтыг дэвшүүлэн тавьжээ. Улс орноо соёл, иргэншлийн шинэ шатанд хүргэх зам мөрийг цуцалтгүй эрэн сурвалжилдаг тийм бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн тухай. Бас соёл, иргэншилд өөрийн хувь нэмрээ оруулахын чухлыг дурджээ.

Европт эзлэх байрь сууриа энэ үзэлтэйгээ нягт уялдуулан зангидаж чадсаныг нь онцлон дурдах хэрэгтэй. Тиймээ бид Европын тасархай, Европ бол бидний гэр, гэхдээ бид идэвхитэй хамтрагч, тоглогч байх ёстой. Үүнийгээ ухаарах хэрэгтэй. Өөрийн бүтээлч чанараа хөгжүүлэн бусадтай мөр зэрэгцэн энэхүү Европыг цогцлон байгуулна гэдгээ ухаарах хэрэгтэй. Сурков энэ санаагаа маш тодорхой гаргажээ.



Өөр олон чухал асуудал хөндсөний нэг нь манай улс төр, үзэл суртлын тулгуур баганыг цогцлон бүтээх явдал байлаа. Орос угсаатан ба орос түмэн гэсэн хоорондоо ялгаатай маш чухал ойлголт байна. Энэ бол бидний хайгаад байсан түлхүүр мөн, учир нь хэрэвзээ бид цаг ямагт орос угсаатныг онцгойлон үзэж ард түмнээ орос угсаатнаар төлөөлүүлсээр байх аваас Орос орон гэж хэзээ ч бий болохгүй.

Орос орон бол олон үндэстний өлгий нутаг, тиймдээ ч орос, умард кавказ, удмурт болон өөр олон үндэстнийг өвөртөө багтаасан өнөр, өтгөн айл хэмээн тэр ёстой л голыг нь олж бичжээ. Орос угсаатан ба олон үндэстний орос түмэн хэмээх хоёр ойлголтыг ялгаж ойлгох нь үнэхээрийн чухал.

Ингэж ялгах нь маш чухал гэж санагддаг. "Орос хүн" гэвэл хүмүүс зөвшөөрөхгүй, харин "олон үндэстний орос түмэн" гэвэл хүмүүс татгалзахгүй.

Орос бол олон үндэстний өлгий гэдгийг ухаарах нь ямар ач холбогдолтой болохыг өгүүлэлд тодорхой тайлбарлажээ. Оросын холбооны улсын тусгаар тогтнол мэтийн тэнэг санааг дэвэргэж байдаг оросын салан тусгаарлах үзлийг сөргүүлэхэд энэ бүхэн хэрэгтэй. Ингэж хөнгөдсний балгаар улс гэрийнхээ үлэмж хэсгийг алдсан гашуун сургамж бий. Хойшид ийм явдал гарахаас сэргийлэхийн тулд Оросыг "Москвагийн хаант улс" болгохыг мөрөөдөгч үндсэрхэг үзлийг хазаарлах ёстой.

Эндээс Сурков зөв дүгнэлт хийжээ: "Орос орон - оросуудад" гэх нь Орос орноос оросыг өөрийг нь гаргана гэсэнтэй агаар нэг, энэ бол хорлонтой үйлдэл. Үүнийг тэр гярхай ажиглажээ, энэ бол маш чухал.


Энэ баримт бичиг юугаараа эрхэм бэ? Энд олон асуудалд тодорхой хариулт өгснөөс заримыг дурдвал бид оросын түүхийг залгамжлагч уу, зөвлөлтийн түүхийг залгамжлагч уу? ерээд оны эхний болон улс төрийн тогтолцоог бүхэлд нь хамарсан шинэчлэлийн үр дүн юу байв? гэх мэтийн хурц асуудлууд байлаа. Миний бодлоор, тэр энэ бүх асуултанд маш оновчтой, зөв хариулт өгсөн. Түрүүний бөөс толгойд авиран улс төрийн тогтолцоог олигархийн дарангуйлал болгон хувиргасан эмгэнэлт гашуун түүхийг тун үнэмшилтэйгээр, нүдэнд харагдтал дэлгэн харуулж чаджээ. Энд хөндөгдсөн олон асуудлыг одоо ч олны нүдэн дээр шууд харуулах боломжтой.

Хэдийгээр "эх оронч" гэсэн үг Сурковын хэлэх дуртай үг биш боловч, хувьсгалын өмнө нийтэд тархсан ойлголтоор, ахуй төр бол оросын эх оронч дэвшилтэт үзэл санаа мөн хэмээн үздэг байжээ. Орос үндэстний тухай үзэл санаа ч үүнээс өөрцгүй. "Олон үндэстний орос түмэн" гэсэн нэр томъёо огт байсангүй, гэхдээ төр улс гэсэн утгаараа ахуй, соёлд оршсоор ирсэн.

Ийм үзэл санаанд хоёр дайсан бий: нэг талаас Орос бол хэн ч биш гэсэн бодолтой европчууд буюу өрнөдийнхөн, нөгөө талаас Орос бол хаалттай ертөнц, хаалттай хана хэрэм хэмээн үздэг Зюганов мэтийн зүүний консерватизм.

Өгүүллийн хамгийн гол санаа нь өнөө цагт тусгаар тогтнол гэж байхгүй, тиймээс энэ нь оросын хувьд шал утгагүй зүйл хэмээн сурталчилж явдаг манай либерал үзэл сурталчдын эсрэг чиглэгджээ.

Харамсалтай нь бид Европын холбоо гэж юу болохыг мэдэхгүй байна. Тиймээ, энэ бол үндэстнүүдийн холбоо мөн, гэхдээ энэ нь өөрөө засаглах эрхгүй, зөвхөн ахуй төрөөс олгогдсон эрхээр дамжуулан үндэстнүүдийн холбооны үүргээ гүйцэтгэдэг. Үүнийг манай Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгслэлүүдэд ойлгуулах хэрэгтэй. Ард түмэн ойлгохгүй байна.

Жишээ нь Тула хотод миний лекцэнд сууж байсан нэгэн залуугийн яриагаар бол Европын холбоо гэдэг нь ахуй  төрүүдээс гулгуулан авсан бүрэн эрх дээр суурилсан холбоо гэхээсээ, олон улсын эрх зүйн чадамжтай нэгэн том улс маягаар төсөөлөгдөж байв. Европын бурхангүй үндсэн хуулийг хэдийчинээ хурдан зөвшөөрнө, польшууд төдийчинээ хурдан мөхнө хэмээн Сурков үнэхээр зөв оношилжээ.


Энэ өгүүлэл нь нэгдүгээрт, "Нэгдмэл Орос" өөрийн үйлдэлдээ илүү нухацтай хандахыг уриалж байна. "Нэгдмэл Орос" ахуй төрийн үзэл санааг хүлээн авснаар намынхаа бүх баримт бичгийг энэ өгүүллийн үзэл санаанд нийцүүлэн өөрчлөх шаардлага гарна.

Хоёрдугаарт, энэ нь ОНМХ-ын хувьд маш чухал. Манайд үндсэн хуулийн амин сүнс болсон ахуй төрийн үзэл санааг үл тоомсорлон уландаа дэвслэн гишгэлэхдээ дан ганц эдийн засгийн салбарыг бусниулаад зогссонгүй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг ч бас бузартуулжээ. Бурханы авралаар, нэг, хоёрдугаар сувгаар дамжуулдаг зарим нэвтрүүлэг төрийн ивээлд орлоо. Энэ нь цагдан хориод эхлэлээ гэсэн үг биш, ямартаа ч шудрага, үнэний төлөө дуугарах нь муугийн ёс яавч биш.

Өгүүллийн амин судас нь ахуй төрийн үзэл санаа бөгөөд энэ бол юун түрүүнд өөрийн туулсан түүхэн замаа бодитойгоор үнэлж цэгнэх чадвар, нас намбаны тухай асуудал мөн. Урлагын бүтээл, киноноос авахуулаад манай бүх баримт бичгүүд ахуй төрийн үзэл санаагаар нэвт амьсгалах ёстой. Бусад оронд ийм л байдаг. Европын аль нэг оронд очоод улс, үндэстнийг нь гутаан доромжилсон кино гаргах гээд үз. Шууд л шүүх, цагдаадаа тулна. Гэтэл манайд ерээд оны эхээр тогтсон жишгээр, хэн сайн доромжилно, тэр хүн суут ухаантнаар тодорч байна.

Энэ өгүүлэл бол үзэл суртлын баримт бичиг. Энд Ерөнхийлөгчийн байрь суурь маш тодорхой харагдаж байгаа гэж ойлгож байна. Холбооны хурал дээр тавьсан илгээлтийнх нь үндсэн санаа угтаа бол эндээс эхтэй.

No comments:

Post a Comment