Sunday, November 27, 2011

Улаан малгайтын хөгжилтэй адал явдлууд

- Александр, авилгалчдыг намнах аянд мордохоор дээр, дооргүй хөл хөөрцөг болж байна. Хууль сахиулах байгууллагын удирдагчдын зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч авилгалчдыг хэрхэн бугуйлдах талаар ярилаа. Мэргэжлийн анчны нүдээр эндээс та юу харж байна?

Түүний санаачилсан олон урхи дотор нэг чухал зангилаа бий. Энэ бол хүчний байгууллагын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдээс орлогын мэдүүлэг авах тухай санаа юм. Гэнэдүүлнэ гэдэг маш зөв санаа. Уургалахад учир бий. Эвтэйхэн аргадаж байгаад хоёр хөлд нь лавхан суугаад аргамжина.

- Өөрөөр хэлбэл, орлого, зарлага хоёрыг тулгана, тийм үү?

Тиймээ, Ерөнхийлөгч яг ийм утгаар хэлсэн. Өнөөдөр бүх сайдууд орлогын мэдүүлгээ өгөөд заншлаа гэдэг. Гэтэл яаж байна: Хамгийн баян сайдаар тодорсон Юрий Трутнев гэхэд Пермийг орхихдоо үлдээсэн хөрөнгө нь жилд хэдэн саяын орлого оруулдаг гэсэн мэдүүлэг бүрдүүлж байна. Инээдтэй юм. Магадгүй хуулийн талаасаа ямар ч өөгүй, цэвэрхэн байхыг үгүйсгэхгүй. Трутнев бизнеснээс улс төрд хөл тавих үедээ том бизнесмэн лав байгаагүй, Пермьд байгаа жижигхэн үйлдвэр нь жилд хэдэн сая долларын ашиг авч ирнэ гэдэг юу л бол.

Михаил Зурабовын мэдүүлснээр, түүний зуслангийн байр хамгийн том нь (засгийн газрын гишүүд дотроос түүний байр хамгийн сүрлэг, бас саяхан баригдсан гэдгийг дурдууштай), гэхдээ үүнийг босгохын тулд хамаг цалингаа хурааж, хуримтлуулсан юм байх. Бүр элэг хөшчихлөө. Хамаатан, саданг нь ч үлдээлгүйгээр гэр бүлийнх нь гишүүдийг оролцуулан бүх түшмэдийн орлого, зарлагыг зайлшгүй хянах шаардлагатай. Өнөөдөр түшмэдүүд бүх мэдүүлгээ өөрсдөө гаргаж өгч байна гэдэг. Хэрвээ хүмүүс юу унаж байна, хаана амьдарч байна, яаж хувцаслаж байна, гэрийн тавилга нь ямар байна, ямар ресторанд хооллож байна гээд тооцож үзвэл нэг түшмэл, түүний гэр бүлийн жилийн зардал нь албан ёсны жилийн цалингаас нь зуу дахин өндөр байна.


- Тэгэхлээр энэ бүхнийг тооцож хянадаг хяналтын шинэ байгууллага хэрэгтэй болох нээ?

Яалаа гэж, бидэнд үнэрч сайн ноход хангалттай бий. Гол нь хэзээ агнах тун чухал. Нэг сонин дуулгахад, олигархиуд, түшмэд гээд бүх хүнийг "өршөөх" тухай явган яриа байдаг. Энэ бол Березовский мэтийн олигархи удирдагчдын гуншиж явдаг улиг болсон яриа. Гарааны зурхайгаа тодорхойлъё, өнгөрснөө мартъя, цагаан цааснаас шинээр эхлэе гэх мэт. Гахай ялзарсан хог, хаягдлаар ходоодоо дүүргэдэг гэсэн сонгодог онол бий. Манайд яг тохирно. Худалдааны жижиг павилон эзэмшигчээс өгсүүлээд Чукоткийн губернатор хүртэл бохир бизнесээр ходоодоо тэжээдэг гахай үй олноороо бий.

Юм бүхнийг заавал хараар будах хэрэггүй. Үүнийг хангайн хишиг хэмээн өнгөлөг, гэгээлэг талаас нь авах, гээхийн ухаанаар үзэж бас болно. Тэгэхдээ төр нь "ганцаараа идсэн гахай таргалдаггүй" гэдэг зарчмаар өөртөө хамгийн их таалагдсан гахайг шилж сонгон намнаж чаддаг, харин нийгэм нь үүнийг "олуулаа идсэн огтоно турж үхдэггүй" гэсэн зарчмаар нүдээ анин амаа хамхиад өнгөрүүлж чаддаг байна гэмээж сая бидний ярьдаг өнөөх авах, гээхийн ухаан амиллаа гэсэн үг. Мэдээж түшмэдийн орлого, зарлагыг сайтар хянаж цагдах ажлаа цалгардуулж яавч болохгүй.

Дашрамд хэлэхэд, уг зөвлөгөөн дээр Дмитрий Козак "ашиг сонирхлын зөрчлийн" тухай бас дурдсан. Ишиг эврээ ургахаар эхийг мөргөхийн үлгэрээр "асуудал шийдэх", "ашиг, сонирхолоо хамгаалах" нэрийдлээр хаяагаа хадран мөнгө саадаг авилгачдын цоо шинэ сүрэг өсөж өндийж байна. Нэг үгээр хэлбэл, тооройнууд маань нас бие гүйцсэн тарган сайхан бодон болцгоожээ гэсэн үг. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх тэнэг анчин байж таарах уу.

- Түшмэдийн үйл ажиллагааг зохицуулах төрийн албаны хуулинд "ашиг сонирхлын зөрчлийн" тухай тусгай бүлэг байдаг. Энэ чамлалтай гэж үү?

Байх нь байгаа, гэхдээ эрх зүйн тал дээрээ мухардмал. Эрүүгийн эрх дээр тусгагдаагүй, ёс төдий дурдагдсан. Онцгой хатуу хууль батлах шаардлагатай гэж бодож байна. Одоо тийм баримт бичиг Думд бий, үүнийг Борис Резник, бид хоёр өргөн бариад байна. Дээр дурдагдсан албаны хүмүүс, тэдний гэр бүлийнхэн орлого, зарлагаа нэг бүрчлэн дэлгэрэнгүй мэдүүлэх тухай заалт ч бас орсон.

Засгийн газрын бүх гишүүдийг би мэднэ. Сайдын "албан тушаалын наймааг" эхнэр нь, эсвэл хүүхэд нь, заримдаа өөрөө ч хариуцан эрхэлдэг гэдгийг хариуцлагатай хэлж чадах байна. Зурабовоор жишээлэхэд, түүний эхнэр бол эмийн бүтээгдэхүүний зах зээл дээр ноёрхогч хамгийн том брокеруудын нэг. Би янз бүрийн шалгаруулалт, үүний дотор "Эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд болсон шалгаруулалтанд оролцогсодтой ярилцаж байсан. Тэдний нотолж буйгаар, шалгаруулалтанд амжилттай оролцохын тулд эрүүл мэндийн сайдын гэргийтэй тохирох хэрэгтэй байдаг гэнэ.

Трутневийн тухай өмнө ярьсан. Сангийн сайд Кудрины гэргийг хар. Ямар клубт явж байна, ямар мөнгөөр сан байгуулав? Тэгэхлээр Ерөнхийлөгч л дуугарахгүй бол бид юу ч яриад нэмэргүй. Зөвхөн энэ удаа ч биш: албаны тэрэгний тусгай дугаарыг халах, парламентийг мөрдөн шалгах, хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон жишээ бий. "Батлаад хэрэггүй" гэж хашгирч байсан тэр л хүмүүс ерөнхийлөгчийг дуугармагц "батлах хэрэгтэй" болоод эргэчихэж байна.


- Сайд нар гэснээс ... Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад, ихэнхи иргэд маань хамгийн их авилгалд өртсөн яам бол ДЯЯ гэж тодорхойлжээ. "Хүчний" байгууллага дотроо ч тэр. Үнэхээр тийм гэж үү?

ДЯЯ бол хамгийн их авилгалд өртсөн байгууллага гэж хэлж чадахгүй. Зүгээр л хамгийн олон хүнтэй, бас олны анхаарлыг хамгийн их татсан байгууллага. Хэрвээ хувь хэмжээгээр тооцвол бараг ойролцоо тоо гарна. Авилгалын оргил өөд мацдаг авирагчдын дунд "хүчнийхэн" дотроо гаалийнхан манлайлдаг гэдгийг оруулаад тэр шүү дээ. ДЯЯ дотор авилгал авдаггүй хүн олон байдгийг би мэднэ, харин гаалийнхан дотроос ийм хүнийг эрээд олохгүй.

Холбооны Аюулгүй Алба, түүний зарим газар нь ДЯЯ-тай харьцуулахад авилгалд харьцангуй бага нэрвэгдсэн. Жишээ нь эдийн засгийн аюулгүй байдлын газар байна. Прокурорын газар бол тийм ч шилдэг газар бишээ. Ерөнхий прокурорыг шинээр томилсноос хойшхи 4 сарын хугацаанд Холбооны түвшний нийт 13 прокурорыг албан үүргээс нь чөлөөлжээ.

- Ерөнхий прокурор, Хуульзүйн Сайд хоёрыг сольсноос хойш үнэхээр 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд ямар нэгэн үр дүн гарав уу?

Хуулийнхан дотор цус сэлбэх боловсон хүчний эргэлт явагдаж байна. Прокурорын дүйвээнээр ажлаа өгсөн хүмүүс Хуульзүйн яамны нөмөрт хорогдохоор явлаа. Нижегородск мужийн элчийнхээ хувиар, мужийнхаа прокурорыг албанаас нь чөлөөлүүлэхээр удтал хөөцөлдсний эцэст сая л нэг юм хэргээ бүтээлээ. Хуучин удирдлагууд энэ хэргийг авч үзэхээс цааргалж байлаа. Бүх материалыг нь бүрдүүлсээр байтал шүү. Шинээр томилогдсон Ерөнхий прокурор энэ асуудлыг даруй шийдэж мужийн прокурорыг халлаа. Гэвч өнөөдөр Хууль зүйн сайд Устинов энэ хүнийг Москва мужийн иргэний бүртгэлийн газрын тэргүүнээр томиллоо. Амбан захирагч Борис Громов түүнийг хүлээн авахаас татгалзана хэмээн найдаж байна.

"Гурван халимны" хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаах төвийн даргын албаа өгсөн хүн өнөөдөр Моксва хотын иргэний бүртгэлийн газрын даргаар томилогдож байна. Ерөнхий прокурорын хоёр орлогч нь Хууль зүйн сайдын орлогч болцгоолоо. Өөрөөр хэлбэл хууль зүйн яам маань асар том ялгадас болон хувирчээ. Прокуророос цэвэрлэгдсэн бүх хүмүүс тийшээ үнэр авсан өт хорхой мэт нүүдэллэж байна.

- Боловсон хүчний өөрчлөлтөөс өөр дуулгах сонин алга гэж үү?

Өдгөө прокурорын газар дотор эрүүлжих үйл явц ид өрнөн шудрага ёсны үр соёолж эхлэж байна. Мөс хайлж прокурорын газрын ажилтнууд хэнээс ч айж цэрвэхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болж байна. Гэхдээ хүмүүсийн айдас бүрэн арилахад хугацаа хэрэгтэй. Прокурор маань нэг хэсэгтээ л сталины чекистүүд лугаа хэний ч толгой дээр бууж мэдэх лантуу болон хувирсан болохоор аргагүй биз.

- Тэгвэл одоо Хуульзүйн яам лантуу болох уу?

Яалаа гэж дээ, санаа нь байвч сачий нь хүрэхгүй.

- Таныг ерөнхий прокурорын зөвлөхөөр томилогдсон гэж дуулдсан?

Нэмэж хачирлах үг алга.


- Та "Нэгдмэл Оросын" гишүүн. Дальнегорскийн мэрийн суудалд нэр дэвшигчийн аллага болон их хурал дээр нарийвчлан хэлэлцэхээр хойш тавьсан өөр олон авилгалын хэргүүдийн дараа, авилгалын эсрэг ширүүн гал нээхээр амалсан. Нам юу хийж чадах вэ?

Бидний боломж хязгааргүй гэсэн үг биш. Яг одоогоор бид хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байна. Ихээхэн хөлс, хүч урсгасны дүнд хөрөнгө хураах, авилгалын эсрэг тэмцэх олон улсын конвенцид нэгдэж чадлаа. Дашрамд дуулгахад хав дөрвөлжин золголтоор бүтэн гурван жил ноцолдож байж арай гэж энэ удаа хөлд нь дэгээ ороон хуулиа баталлаа.

Нэгдмэл орос бол авилгачдын үүр, уурхай гэсэн цуурхал хаяа чих дэлсдэг. Хамгийн олон сонгогч, дэмжигчтэй үндэсний хэмжээний том намд тохиолдлын хүмүүс шургалсан байхыг үгүйсгэхгүй. Тэдэнтэй тэмцэх хэрэгтэй, хамгийн хатуу аргаар тэмцэх ёстой. Дотуур хутгах мэхийн тухайд гэвэл намын гишүүнийхээ үүргийг умартан бусдын идэш болохоо шахсан муж, орон нутгийн удирдагчдад хариуцлага тооцох асуудлыг гаргаж тавина.

- Гэхдээ нам өөр мэх ч бас хэрэглэж болно шүү дээ: жишээ нь сонгуулийн үеэр авилгач мээрийг "суйлах" ч юмуу муж, хотын зөвлөл дээр хэлцдэг авилгалын шийдвэрийг дугтрах гэх мэт...

Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэн авилгал бол хошгирох, хошгируулах тухай асуудал огтхон ч биш. Чухам хэн нь жинхэнэ авилгач вэ гэдгийг тодруулах нь төрийн дум, эсвэл намын шийдэх хэрэг биш. Хэрвээ хэн нэгэн түшмэл эрүүгийн хариуцлагад татагдвал хариуцсан нам нь зохих шийдвэрээ гаргах л учиртай. Харин мөрдөн шалгах, байцаах эрх намд байхгүй. Хэрвээ хууль сахиулах байгууллага нь идэвхи, зүтгэл гаргахгүй юм бол бид юугаа хийж хуйхаа маажихав?

Эцсийн эцэст, бидэнд хэнийг буруутан гэж үзэх тухай тогтсон ойлголт байна. Хуулиар буруутан болох нь тогтоогдоогүй хэнийг ч авилагч гэж цоллох учиргүй. Нам, нарийн яривал хяналт шалгалтын төв болон бүсийн салбар зөвлөлүүд хууль сахиулах байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Яг ийм үндэслээр, материалтай нь танилцаж үзээд намд элсэх болон сонгуульд оролцуулах эсэхийг нь шийдсэн тохиолдол бас бий.

No comments:

Post a Comment